Р.Батболд: Монгол гутлаар дэлхийг тамгалах цаг ойрхон байна

Админ
2020/03/05

-Аман сурталчилгаа ч хийдэггүй атлаа Amazon сайт дээр тавигдахаар болсон Хүннү гутал-


Сав ертөнцийн юмс бүхэн амьтай, өөр хоорондоо шүтэн барилдлагатай. Өвс ургамлын амийг энэрэхдээ гутлынхаа хоншоорыг хүртэл ээтэн урладаг цорын ганц ард түмэн бол монголчууд. Тэгвэл тун удахгүй Дэлхийн долоон тэрбум хүний дөрвөн тэрбум нь үйлчлүүлдэг хамгийн том интернэт дэлгүүр болох Amazon.com сайтад Хүннү брэндийн гутал тавигдах гэж байгаатай холбогдуулан үүсгэн байгуулагч Р.Батболдтой ярилцлаа.

 

–Дэлхийд Хүннү рок, хүннү гутал, хувцас “моод”-нд орж байна. “Хүннү” брэндийн гутлыг Монголдоо “моод”-нд оруулж байгаа Хүннү гутлын үйлдвэрийн байран дээр ирээд байна. Анх хэчнээн ажилтантайгаар, үйлдвэр ямар нөхцөл байдалтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Одоо яаж өргөжсөн  түүхээ яриач, бидэнд?

 

-Манай үйлдвэрийн байр 200 м/квадрат. Нэг оёдолчин, нэг дизайнер, нэг эсгүүрчинтэй буюу гурван хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байсан. Би бол гутлын талын ямар ч мэргэжилгүй хүн. Өмнө нь энэ тухай ямар ч ойлголтгүй байсан. Яагаад гутал хийе гэж бодсон бэ гэвэл нэгдүгээрт дээшээ харсан амтай гэж бэлгэдэн, хоёрдугаарт үндэсний гутал үйлдвэрлэгч ховор, үргэлж  л импортолж өмсдөг. Гадаадаас гутлаа зөөж өмсдөг. Хятадаас гутлаа зөөж өмсдөг. Тиймээс бид бүхний хүсэл монгол брэндийг дэлхийд гаргахыг зорьсон юм.

 

-Захиралтайгаа нийлээд гурван ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үйлдвэр тань хүний нөөц ба бусад зүйлээрээ яаж өргөжсөн бэ?

 

-Манайх өнөөдрийн байдлаар 16 ажилтантай болсон.

 

-Та сая хэллээ шүү дээ. “Би барилгын салбарын хүн байснаа гэнэтхэн л гутал үйлдвэрлэлийн салбар руу орчихсон” гээд…Гутал үйлдвэрлэлийн салбар руу орохдоо дөрвөн жилийн хугацаанд маш том амжилтыг бий болгож, монгол түмэндээ “Хүннү” брэндийн яс чанарыг мэдрүүлчихсэн байна гэдэг нь нэлээд мэдрэмжтэйг тань илтгэн санагдуулж байна. Энэ талын үйлдвэрлэлийг дотроосоо мэдэрч хийж гэмээнэ энэ түвшний амжилтанд хүрнэ. Таны өөрийн мэргэжил энэхүү амжилтанд хүрэх түлхүүр болсон гэж бодсон?

 

-Би өөрөө зураач хүн. 2000 онд Украйны Уран зургийн академийг төгссөн. Төгсч ирээд 13, 14-н жил барилгын бизнес эрхэлсэн. Үйлдвэрлэгч улс орон болж байж л энэ улс хөгжих ёстой. Импортлогч биш үйлдвэрлэгч. Тиймээс монгол нэр, монгол брэндийг дэлхийд бий болгох ёстой гэдгийг бодож үйлдвэрлэлээ эхлүүлсэн.

 

-Аливаа зүйлийн эхлэлхэцүү бөгөөд дурсгалтай байдаг шүү дээ?

 

-Би багаасаа л юм урладаг зүгээр суудаггүй хүүхэд байсан. Зураг зурна. Аав, ээждээ зориулаад банзаар жижгэвтэр байшин бариад өгчихнө. 6, 7-р ангийн хүүхэд байхдаа…

 

-Сүрхий юм аа …

 

-Шөнө орой болсон хойно ээжийгээ ажлаас нь тосох гэж очоод ажил дээр нь байдаг цахилгаан машин дээр нь суух гээд хорхой их хүрнэ. Жаахан хүүхэд байсан болохоор сууж юм оёж үзье гэж хэлж чадахгүй. Ээжийгээ босохоор суугаад юм оёход болж байсан. Түүнээс хойш юм оёх хоббитой болчихсон. Манай гэрт орос оёдлын машин байдаг байсан. Гараар оёдог…Түүгээр форм хувцас оёод өмсчихнө. Дүү нартаа хувцас урлаад өгчихнө. Тэр үеэс л хоббитой болчихсон. Шөнө унтахгүй юм оёно. Түүндээ их хоббитой, дуртай.

 

-Таны урлал оёдолд татагдсан түүх таны ээжтэй холбоотой юм байна?

 

-Тэгэлгүй яах вэ. Манай ээж дээл сайхан урладаг хүн.

 

-Уран зургийн хүн болохоор өнгө, загвар, дизайны гоц шийдэлтэй Хүннү гутлыг бүтээж амжилтад хүрчээ гэж харж байна.

 

Би оёдол мэддэггүй байсан бол гутал хараад ойлгохгүй. Зураг зурдаггүй байсан бол эскиз хийж чадахгүй. Загвар гэдэг чинь маш нарийн шүү дээ. Хүнд л хүргэхийн тулд юу хийх ёстой вэ? Байдаг л нэг гутлыг хийдэг л нэг материал аваад хийвэл зах зээлийн амжилтанд хүрэх үү. Үгүй л болов уу. Бага залуудаа юм юмаар оролдож явсан маань ажил хийхэд их дөхөм болж байгаа юм.

 

-Хоёулаа бүтээгдэхүүнийхээ онцлогийн талаар ярилцъя. -40 хэмийн хүйтэнд дулааныг хадгалдаг чанар гэж юу вэ?

 

-Энэ гутланд ямар ч химийн гаралтай материал ороогүй. Бүх материал малын гаралтай, ноос, шахмал эсгий юм. Тийм учраас маш дулаахан. Маш олон онцлогтой гутал. “Хүннү” бол маш найдвартай, дулаахан гутал гэж хэлж болно. Ямар ч хүйтэнд доороос хайрахгүй дээ.

 

-Хүннү гүрний хүчирхэг байсны гол нууц нь дээл хувцсандаа оршиж байдаг. Монголчуудын эрүүл ухаантай, саруул сайхан байдгийн нууц монгол хүний биеийн онцлогт тохирсон гутал, хувцасаа жилийн дөрвөн улиралд өмсдөгт байдаг шүү дээ…

 

-Тийм ээ. Яагаад гэвэл малын гаралтай бүтээгдэхүүн бол эко. Янз бүрийн химийн материал ороогүй. Захиалгаар хийж байгаа гутал бол тухайн хүнээсээ хэмжээг нь аваад, хөлийг нь зураад, тухайн хүндээ яг тааруулаад эсгүүрийг нь хийгээд урладаг. Энэ бол хамгийн том онцлог. Тэр хүндээ яг сайхан таарна л гэсэн үг. Тэгээд дээр нь баталгаат хугацаа өгдөг. Манай гутлын ул салбал буцаад хүрээд ир гээд нэрийн хуудсаа өгдөг. Арьс, оёдол ханзарвал бид нар засаад өгчихнө өө гэдэг. Найдвартай…

 

-Үндэсний үйлдвэрлэгчийн гол давуу тал бол тэр л дээ. Бид импортоор орж ирсэн, хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй гутлыг аваад ханзраад урагдлаа гэхэд буцаан нөхөн сэргээж, засуулж чадахгүй шүү дээ…

 

-Буцах эзэн, буух хаяггүй л дээ…Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчийн онцлог нь тэр

 

-Монгол хувцас бол монгол хүнийг эрүүл саруул байлгах стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж хардаг.

 

-Жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Импортоор орж ирсэн гутлууд сар ч хүрэхгүй хугацаанд ханзардаг ч явдал бий. Хүмүүс хямд болохоор нь авчихдаг. Гэтэл ямар ч арьсаар хийсэн юм, мэдэхгүй шүү дээ. Ханзардаг, гадаа гармагц хайрдаг, дааруулдаг…Тэгэхээр хэнд ч гомдох аргагүй. Худалдагч яах юм, нэг газраас аваад дамжуулаад зарж байгаа гэсэн үг шүү дээ.

 

-Amazon сайтад « Хүннү» брэндийн гутал худалдаалагдаж, дэлхийн зах зээлд гарах гэж байгаа гэсэн том мэдээг сонссон?

 

-Amozan-тай холбоё гэж нэгэн америк компани санал тавиад, бид зөвшөөрөн гэрээгээ хийсэн. Эхний бүтээгдэхүүнийхээ зургийг явуулаад, уллагааны ач холбогдол, хонины ноосоор ул хийж, нэхийгээр дулаалга хийхийг тайлбарласан. Энэ бол танай жинхэнэ брэнд бүтээгдэхүүн мөн байна. Америкийн Amozan сайтад тавья, хамтарч ажиллая гэсэн гэрээг хүлээж авсан.

 

-Энэ бол дэлхийн зах зээлд Хүннү брэндийг таниулахад хамгийн ойрын гарц, эхний алхам.

 

-Тэгэлгүй яах вэ, хамгийн эхний алхам гэж ойлгож байгаа.

 

-Та барилгын салбарт ажиллаж байхад тухайн салбарын уналтанд орох үе, үечлэл, он цагууд байсан байх?

 

-Тийм ээ, 2011-2012 онуудад уналтанд орж байсан.

 

-Улмаар гутал үйлдвэрлэлийн бизнес рүү орсон. Гутлын бизнес ашиггүй юм байна гээд өөр салбар руу “урвах уу” ? Үүнийг гэр бүлийн бизнес болгоод цааш явуулна биз дээ…

 

-Нэгэнт бид ард түмэндээ танигдчихсан. Манай монголчууд мэддэг. Хүннү гутлын үйлдвэр үү гээд л утсаар ярина. Энд тэнд явж байхад хүмүүс уулзана, манай гутлыг өмсчихсөн явж байдаг. Зарим нэг нь намайг танина. Хөлнөөс нь хэмжээ авч байсан юм чинь. “Хүүе, сайн уу” гээд гутлыг маань өмсчихсөн явж л байна.

 

-Танай нэг онцлог гутал байнаа. Жилийн дөрвөн улиралд өмсдөг гутал. Мөнгө санхүү хэмнээд бүх баяруудаар өмсчихнө гэж бодохоор таатай сайхан санагдаад байх юм.

 

Энэ гутлын хувьд хоншоор ижил байгаа биз. Бид үүнийг бас эсгийгээр уллаж байгаа. Загвар сайтай, ул хаана ч давтагдаж хийгдэхгүй. Эсгийгээр уллахын ач холбогдол нь өвөл ч өмсчихнө. Хавар, намар, зун ч өмсчихнө. Эсгий өвөл дааруулахгүй, дулаанд чийг татахгүй. Энэ бол маш онцлог. Энэ бол манай брэндийн ул. Каучик ул.

 

-Монгол загвараар л хийгээд байна уу даа гэтэл залуучуудад зориулсан пүүзэн гутал, кет бас хийдэг юм байна.

 

-Янз бүрээр л урлана даа. Өөрөө гардаж загвараа гаргадаг болохоор өдөрт нэг шинэ загвар гаргачих гээд байдаг.

 

-Таны амжилтын афоризм юу вэ?

 

-Амьдралаа хүн өөрөө л зохионо шүү дээ. Хүний яаж амьдрах нь тухайн хүний хүсэл мөрөөдөл юм. Хүссэнээрээ амьдрахын тулд зорилго байх ёстой. Зорилгодоо хүрэхийн тулд ингэх ёстой гэсэн шат алхамуудыг давна. Шууд л эхлэхдээ л юмны оргилд хүрнэ гэж байхгүй шүү дээ… Зүтгээд байхад амжилтанд хүрдэг л юм байна.

 

Монголын нүүдэлчин ахуй, түүнийг дагасан ахуй соёл, буянт малынхаа шим шүүсийг хүртэж, жилийн дөрвөн улиралдаа зохицуулан аж төрсөөр ирсэн малч ухаан бол миний ардын шавхагдашгүй өв соёл, бие даасан шинжлэх ухаан. Хүннү рок, Хүннү хувцас, Хүннү гутал, Хүннү соёл дэлхийг байлдан дагуулах бидний хамгийн том гарц. Монгол Хүннү гутлаар Дэлхийг тамгалах гэж байгаа танай хамт олонд монголчуудынхаа өмнөөс томоос том баяр хүргэж амжилт хүсье.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Б.САРУУЛ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна