Д.Сарангэрэл: Коронавирусийг эмчлэх тал дээр бид тодорхой хэмжээнд үр дүнд хүрч байна

Админ
2020/03/17

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж  байна.  ЭМ-ийн сайд  Д.Сарангэрэл энэ үеэр "Өнөөдрийн байдлаар дэлхийн 164 оронд халдвар бүртгэгдээд байна. 180 мянга гаруй хүн халдвар авч 7000 орчим нас бараад байна. Манай улсад 1320 хүн тусгаарлалтад байна.


Анхны халдвартай тогтоогдсон иргэний биеийн байдал тогтвортой байгаа. Эмч болоод эмнэлгийн байгууллагууд хүч хөдөлмөрөө бүрэн зориулж байна. Тухайн иргэнтэй ойр байсан 88 хүнийг давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. 


Өчигдөр батлагдсан халдварын тухайд тухайн иргэнтэй хамгийн ойр байсан иргэдийг тусгаарлаж, шинжилгээ авч, оношилж байна. Одоогийн байдлаар 110 хүнээс шинжилгээ авсан. 61 хүнээс нь халдвар илэрээгүй. 


ДЭМБ-аас улс орон бүрт эмнэлзүйн заавар өгч байгаа. Бид энэ зааврын дагуу дээрх гурван иргэнээ эмчилгээнд шуурхай оруулсан.  БНСУ-аас ирсэн хоёр иргэний биеийн байдал тогтвортой, харин Францаас ирсэн иргэний байдал хүндэвтэр байна.

 

Халдвар анх тархсанаас хойш гурван сарын турш бид хамгаалалтаа хийж чадсан. Гэвч вирус агаар дуслын замаар халдварлаж байгаа учраас биенээ чичлэх хэрэггүй. Бүх тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн.

 

Засгийн газар, УОК хуралдаж, эмнэлгийн байгууллагын бэлэн байдлын хангах ажилд шуурхай арга хэмжээ авсан. Аппарат, эм тариа зэрэг бүх зүйл бэлэн байгаа. Эхнийхээ хүнд үр дүнд тодорхой хэмжээнд хүрч байна. Тиймээс халдвартай нь батлагдсан дараагийн иргэдээ эмчилж чадна гэсэн бага ч гэсэн итгэл байна” гэлээ.