Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Гэвч оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсээр байгаа. Тэрбээр өмнө нь "Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг улс хураан авахыг зөвхөн шүүх шийднэ" хэмээн жиргэж байсан. 

Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Оффшорын асуудлаар МҮОНТ-д ярилцлага өгсөнтэй холбогдуулан мөнгө хэвлэж тарааж болохгүй гэдгийг  санууллаа. 

"Зөвхөн Төрийн сан төдийгүй Монголд оффшорын гэгдэх мөнгө огтхон орж ирээгүй гэдгийг баталж өглөө.  Харин “оффшорын мөнгө” нэрээр Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийг ханш 2012-2016 онд 2 дахин унасан түүх давтагдана. Би төрийн санд “оффшорын мөнгө” орж ирээгүй гэж хэлсэн, харин төсөв мөнгөгүй гэж хэлээгүй. Коронагийн цар тахалтай, амаргүй энэ цаг үед төсвийн хатуу сахилга бат, татвар төлөгч нарын хичээл зүтгэлээр өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авахгүйгээр болж л бна. Цаашдаа ч болгоно" хэмээн жиргэжээ.