Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэж байна. 

  • Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. 
  • Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.
  • Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.
  • Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан.
  • Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. 
  • Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг Улсын Их Хурлын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна.
  • Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна.
  • Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индэрээс мэдэгдье.