“МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюутолгойгоо буцаан авах өлсгөлөн” нэртэй суулт, өлсгөлөнг УИХ-ын гишүүн С.Ганбаатар  өнгөрсөн даваа гарагаас эхлүүлсэн. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар Оюутолгойтой холбоотой асуудалд санаачилга гарган оролцохгүй байгааг шүүмжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргахыг шаардсан. 

Сүхбаатарын талбайд 4 дэх өдрөө өлсгөлөн зарлаж байгаа түүнтэй дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд уулзаж,  "Оюутолгой"-д сөрөг нэхэмжлэл гаргахаар болсон талаараа дуулгалаа.  Энэ үеэр УИХ-ын гишүүн  С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоохоо мэдэгдлээ. Гэхдээ тэрбээр өнөө шөнөдөө талбай дээр өлсгөлөнгөө үргэлжлүүлж, маргааш 11 цагт мэдээлэл хийсний дараа бүрэн зогсооно гэв.