Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ОХУ-аас их хэмжээний мөнгө оруулж ирсэн байж болзошгүй гэх мэдээлэл шуугиан тарьсан.  Уг мэдээллийн дагуу ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх “Манай зөвлөлийн ажилтнууд ОХУ явсан нь үнэн. Гэхдээ хууль бус зүйл хийгээгүй” хэмээн няцаасан. Ингэхдээ “Өдрийн сонин”-д  “Би өөрөө АТГ, Цагдаагийн хамтарсан Ажлын хэсэгт дөрвөн жил шалгуулсан хүн. Гансүхээс юу ч хамаагүй ол гэдэг командаар шалгуулсан. Зовлон мэдэх учраас шалгуулж байгаа улстөрчдийн хэргээс хол байдаг.

Ерөнхий сайд УИХ-д асуудал танилцуулна гэсэн байна лээ.Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д тайлбар өгөхөд бэлэн.  У.Хүрэлсүхийг аймшигтай дайрлага дайрсан гэж боддог. Би жинхэнэ шалтгааныг мэдэхгүй, өөрийн төсөөллөө хэлж байна. Төрийн эрх барих дээд байгууллагын дийлэнх олонх 62 суудалтай эрх баригч намын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд, цагдаа, тагнуул гээд хууль хяналтын байгууллагыг атгаж байсан эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалтан, цэргийн офицер хүнийг сайн дураар нь суудлаас нь татгалзуулж чадах тийм аймшигтай дайрлага” гэх утгатай ярилцлага өгсөн. 

Тэгвэл уг ярилцлага гарсан өдөр түүний аав осолд оржээ. Тэрбээр аавынхаа ослыг тохиолдол гэж бодохгүй байгаа талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. 

А.Гансүх энэ талаар “У.Хүрэлсүх, Л.Оюун эрдэнэ, Х.Нямбаатар нарт.  Өнөөдрийг хүртэл болж буй үйл явдлыг улс төр, гэхдээ их бохир улс төр гэж бодож явлаа. Хувь хүн рүү дайрсан гүтгэлэг, доромжлолыг тэвчиж ирлээ. ҮАБ-ыг хамгаалдаг хамт олныг гүтгээд эхлэхээр нь нийгэмд хагарал талцал үүсгэхээс сэргийлж 2021.3.9-нд өдрийн сонинд ярилцлага өгсөн. Уншсан биз. 

Гэтэл тэр өдрийн орой 17.50 цагт өндөр настай аавыг минь гэрийн гадаах явган хүний гарц гарч явахад нь машинаар дайрлаа. Өндөр настай аав маань хүнд гэмтэл авч, одоо гэмтлийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байна. Үүнийг би тохиолдолд гэж бодохгүй байна. Миний гэр бүл, ойр дотны хүмүүс рүү халдлага хийгдэж байна. Дараа нь юу болох вэ? 

Та нарт хэлэх үг байна. Эр хүний зориг гаргаад зөвхөн надтай л тулчих. Миний настай аав, ээж, дүү, эхнэр хүүхдүүд, найз нөхөд, хамт олныг орхичих. Тэд маань Монгол улсын жирийн иргэд. Монгол төр иргэдээ хэлмэгдүүлэхгүй гэж найдаж байна.  Хууль хүчний байгууллагад итгэхгүй байгаа учир нийгэм рүү хандлаа.  Шуурхай арга хэмжээ авч амийг нь аварсан Гэмтлийн эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. Эмч нартаа найдаж байна” гэсэн байна.