Монгол улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэллээ. Нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсанаар сурталчилгаагаа эхлүүлж байна.

Тодруулбал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Тусгаар тогтнолын талбайгаас сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлж, Хэнтий аймгийн зорьсон бол МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Хэнтий аймгаас сурталчилгаагаа эхлүүлэхээр морджээ. Харин Зөв хүн электорат эсвлээс нэр дэвшигч Д.Энхбат сурталчилгааны нээлтээ Дарь Эх Цогцолборт хийж, Хөвсгөлийг зорьсон гэх мэдээлэл байна. 

Сонгуулийн Ерөнхий хорооноос үнэмлэх гардуулах үеэр нэр дэвшигчдийн хэлсэн үгийг товчлон хүргэж байна. 


МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх:  


- Монгол улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн тэргүүнээр ажилладаг. Тиймээс би хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллавал нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарна. Хараат бус хууль хяналтын байгууллага, шүүх, прокурорын байгууллагын тогтолцоог бий болгоход эрх зүйн орчныг нь шинэчилнэ. Хүн засагладаггүй, хууль засагладаг төр засагтай болох ёстой.


- Хүний эрх эрх чөлөө, ардчилсан тогтолцоо, эрх зүйт төрөө бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. 
- Монгол улс бол нэгдмэл нэг улс. Бид нэгэн ахан дүүс. Ардчилсан намын монгол, Ардын намын монгол гэж байдаггүй. Тиймээс ард түмнийхээ эрх, эрх чөлөөг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. 


Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат: 


- Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Бид дараагийн 30 жилд хэрхэн амьдрах, залуус хүүхдүүдэд ямар өв үлдээхийг шийднэ. Бид туулсан замаа эргэн харж, шинэ үедээ итгэн 21-р зууны шинэ Монголыг байгуулахын төлөө ажиллана. Монгол хүн чадна гэдэг бидний уриа. Бүх зүйлийг гартаа авч байгаа, бүх зүйлийг эзэмшиж байгаа энэ байдлыг өөрчлөх ёстой. Гурван сая хүн бүгд хөдөлж байж хавтгайрсан халамжийг таслан зогсоож байж бид хөгжинө. 


Мэдлэг, чадвар, технологид итгэж XXI зууны шинэ Монголыг байгуулна гэж итгэн ажиллана. Нээлттэйгээр аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно. Монголын малчид чадна, Монголын инженерүүд чадна, Монголын залуучууд чадна, монголчууд бүгд чадна. Бидний зорилт бол нэг намын төлөө биш нийт олныхоо төлөө байна. 


АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ: 


- Миний хувьд, АН-ын өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа хүний хувьд 200 гаруй гишүүнийхээ итгэл сонголтыг хүндэтгэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шийдвэрээсээ татгалзахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн.
СЕХ хууль дээдлэх эрхээ шударгаар биелүүлнэ гэж итгэж байгаа учраас нэрээ дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2020 онд гарсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарахгүй гэдэгт итгэж байна. Өмнөх сонгуулийн үед байгаагүй хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн учир сонгуульд оролцохоор шийдсэн. 
Аль нэг улстөрийн нам, хэн нэгэн албан тушаалтны нөлөөнд автах биш, хуулиа дээдэлж ажиллаасай гэж хүсэж байна.