Ахмадуудад өгсөн нэг сая төгрөгийн ваучерийн асуудлаар Ахмадын чөлөөт холбооноос мэдээлэл хийж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг огцрохыг шаардлаа. 

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 онд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг  төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аас баталсан. Энэ хуулийн дагуу 228.5 мянган иргэдийн зээлийг тэглэсэн. Үүний дараа тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад  нэг сая төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлэх шийдвэр гарч, тавдугаар сарын 21-нээс олгож эхэлсэн. Мөнгөн тэтгэмж олгох эхлэхээс өмнө ахмадуудад ваучер хэмээх үнэт цаас олгож эхэлсэн. Гэвч уг үнэт цаасыг  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компани ямар ч тендергүйгээр өндөр өртгөөр хэвлэсэн. 1 ширхгийг нь 2,487,468 төгрөгөөр хэвлэсэн байна. Үүнийг Ахмадын чөлөөт холбооноос эсэргүүцэж, Б.Батцэцэг сайдыг огцрохыг шаардлаа. 

Энэ талаар Ахмадын чөлөөт холбооны тэргүүн  Г.Баасан “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компани ямар ч тендергүйгээр, хэзээ ч хэрэг болохгүй ваучер гэдэг зүйлийг 592 сая төгрөгөөр хэвлэсэн байна. Энэ бол албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу байдлаа бий болгосон, мөнгө угаасан гэмт хэрэг. Монголын ахмадуудын нэрийн өмнөөс хуульчилсан дээрэм хийж байгаа гэмт хэрэг. Тиймээс Монголын чөлөөт ахмадын холбооноос Б.Батцэцэг сайдыг 592 сая төгрөгийг улсын төсөвт нь буцааж хий, үүнийгээ ард иргэдэд мэдээл, Монголын төрийг бизнес болгосон үйлдэлдээ хариуцлага хүлээж, огцор гэдэг шаардлагыг тавьж байна. 

Учир нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компани нэг ширхэг ваучер буюу алгын чинээ цаасыг  2,487,468 төгрөгөөр хэвлэсэн байна. Би тэтгэврийн зээлгүй байсан тул сая төгрөгөө авсан. Гэхдээ надад тэр ваучер гэдэг нь ирээгүй. Тиймээс бид хуульчилсан дээрэм хийдэг бусармаг аргыг зогсоох ёстой. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу байдал бий болгосон, ахмадуудын нэрээр мөнгө угаасан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хариуцлага тооцохыг шаардаж байна. Өнөөдрийн монгол ирээдүйн ахмадуудын нэрийн өмнөөс энэ мэтчилэн хулгай хийгээд байвал ахмадууд Сүхбаатарын талбай дээр дахин тэмцэл хийхэд бэлэн байна. Ваучерийн хамгийн үнэтэйдээ 60 сая төгрөгөөр хэвлэх боломж байсан. АТГ уг хэргийг шалгаагүй байна, татгалзсан байна. Үе нь өнгөрчихсөн гэж битгий бодоорой. Ухаан санаа эрүүл, дөрвөн мөч ажиллаж байна. Нас явсан нь үнэн ч ахмадуудын тэмцэх чадвар зогсоогүй” гэлээ.