ЭМЯ-наас коронавирусний халдвар нэмэгдсээр байгаа талаар мэдээлж, иргэдимйг халдвар хамгааллын дэглэмээ сахихыг сануулж буй. Учир нь өнөөдөр гэхэд л 6248 хүнээс шинжилгээ авахад 1177 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барсан юм. 

Халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийн дунд хөл хорио тогтоож болзошгүй хэмээх хардлага бий болж, зарим иргэд 10-наас эхлэн 28 хоногийн хөл тогтооно гэх утга мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Улсын Онцгой комисын зүгээс өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ хөл хорио тогтоохгүй хэмээн мэдээлж байсан. 

Тэгвэл өнөөдөр УОК хөл хорио тогтоохгүй гэдгийг дахин мэдэгдлээ. Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. Засгийн газар болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ 6.15- гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байна.

Өнөөдөр давтан тунг тариулаад 14-с дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь байна. Энэ хүмүүсийн 99.5 хувь нь халдвараас хамгаалагдаж байна.

Бүрэн вакцинжаагүй иргэд халдварт өртөж байгаа эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна. Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна" гэсэн байна.