СЕХ-ноос сонгуулийн дүнг нэгтгэн УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд олонхын санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг дэмжиж,  тангараг өргөх ёслолыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 11:45 цагт товлолоо. 

Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх болон тангараг өргөх тов тогтоох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн батална. 

Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт товлогдсон.