Баян-Өлгий аймгийн иргэдийн дунд аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагыг казах иргэн удирдахаар болсон талаар ярьж байна. Саяхан тус аймгийн Цагдаагийн газрын даргаар Цагдаагийн хошууч Ө.Танатыг томилсон. Ө.Танат нь Цагдаагийн ерөнхий газарт ахлах мэргэжилтэн, гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бэлтгэгдсэн боловсон хүчин учир мерит зарчмаар ийн томилогдсон.

Гэвч Онцгой байдлын газрын даргаар мэргэжлийн бус хүн удирдахаар зэхэж буй бололтой. Тус газрын даргаар яригдаж буй З.Азат нь Цэцээ гүн дэд сургуулийг төгссөн баклавар зэрэгтэй, тус газарт мэргэжилтэнээр ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл албан тушаалтны шалгуур үзүүлэлтийг хангахгүй нэгэн аж. Түүгээр ч барахгүй хорио цээрийн дэглэмийн үеэр Баян-Өлгий аймгаас гарах иргэдэд 100 м мянган төгрөгөөр зөвшөөрөл олгосон гэх хар хэл аманд ороод авсан ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн гэнэ.

З.Азатын ийнхүү даргын суудал руу зүтгэж байгаа шалтгааны нэг нь УИХ-ын гишүүн н.Аубакир. Тэрбээр УИХ-ын эрхэм гишүүний хүргэн бөгөөд хэдэн жилийн өмнөөс л энэ суудалд санаархсан гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг байна.


Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”;

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын албан тушаалд онцгой байдлын албанд 15-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан алба хаагчийг томилно” гэж заасан байдаг.

            Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргад одоогийн дэд удирдлагуудын нэг нь дэвшин ажиллах нь хуульд нийцнэ. Гэвч ах дүү, хамаатан садан, албан тушаалаараа түрүү барьж, төрийн албыг төрлийн алба болгохоор санаархаж байгаа нь өнөөгийн МАН-ын удирдлагуудын хэлж, ярьдаг зарчимтай хэр нийцэх бол.

Ашиг сонирхлын зөрчилтэй, мэргэжлийн бус н.Азатыг хүнд цаг үед даргаар томилох гэж байгаа нь Онцгой байдлын албанд олон жил ажилласан, бэлтгэгдсэн албан хаагч нарын дургүйцлийг хүргэх нь дамжихгүй.

Төрийн албаны салбар зөвлөл хууль бус томилгоонд анхаарал хандуулж,  хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж чадах уу гэдгийг харах л үлдлээ.