Олимпийн мөнгөн медальт Саиед Моллай Монголын Засгийн газар үл хүндэтгэсэн талаараа хэвлэлд мэдэгдсэн. Дөнгөж сая Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц "Токио 2020" зуны олимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад шагнал урамшуулал олгох болсон талаар мэдээлэл хийлээ. 

Ц.Шаравжамц: 

- Монголын баг тамирчид Токио-2020 олимпод амжилттай оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. 

Токиогийн олимпын нээлтэд Ерөнхий сайд оролцсон. Эх орондоо ирмэгцээ буюу наймдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар олимпын наадмаас медаль авсан тамирчдадаа байр олгох тухай шийдвэрийг гаргасан. 

Мөн олон улсын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгох журам бий. Тухайлбал, олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаагийн мөнгөн урамшуулал болох 60 сая төгрөг, түүнээс гадна сар бүрийн урамшуулал гурван сая төгрөг олгохоор заасан. 

Олимпод оролцсон тамирчдын сүүлийн ээлж наймдугаар сарын 10-нд эх орондоо ирсэн. Улсын Онцгой комиссоос тамирчдыг 14 хоног гэртээ тусгаарлагдахыг зөвлөсөн. Сүүлийн ээлжид ирсэн тамирчдын тусгаарлалтын хугацаа наймдугаар сарын 25-нд дуусна. 

Тиймээс 25-ны өглөө 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч тамирчдад цолыг нь гардуулах бол  12:30 цагт Ерөнхий сайд хүлээн авч, урамшуулал, байрыг олгохоор товлосон байгаа.

Саиед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгоно. С.Моллайгийн дасгалжуулагчийг Алтангадас одонгоор шагнана. Саиед Моллай одоогоор Герман улсад байгаа. Шагнал олгох ажиллагаанд оролцож чадахгүй бол ирэх үед нь гардуулж өгнө" гэв.