Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр батламжилжээ.

АН-ын дарга М.Тулга: 

- Ардчилсан намынхан зөвхөн сонгуульд оролцох гэж байгаа юм биш. Дарга ангийн ноёрхол, данхайсан төрийн эсрэг тэмцлээ эхлүүлж байна. Бид маш олон талаас нь харж, нэр дэвшигчдээ тодруулсан. Ардчилсан хувьсгал 1990 онд дарга ангийн эсрэг нэгдүгээр тэмцлийг эхлүүлсэн. Одоо хоёрдугаар хувьсал эхлэх цаг нь болсон. Залуус бид ахмадуудтайгаа хамт тэмцэх цаг нь ирсэн байна. Нэгдэх цаг нь болсон байна, үүнийг өнөөдөр зарлаж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

- Үзэл санаа, үнэт зүйл, зарчимаа худалдаагүй хүмүүсийг АН өнөөдөр нэр дэвшүүллээ. 1992 онд хуулийн засаглалтай Монгол улсын бий болгохоор Үндсэн хуулийг баталсан. Гэтэл өнөөдөр хулгайч, авлигачдын нийгэм бий болчихож. Үүнийг нурааж, мөсийг нь хайлуулна. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй. Үзэл санааны хувьсгал хийх цаг нь болж. Нийгэм өөрөө унтаа байдалд орж, иргэд үүнд нь дасал болсон байна. Үүний эхлэл нь УИХ-ын нөхөн сонгууль. Бид дарга ангид дагаар ордог хүмүүс биш. Нэр дэвшигчдийнхээ ард АН-ын залуучууд бүгдээрээ бий. 

АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн: 

- Одоогийн АН сөрөг хүчин хүчтэй дуу хоолой болж чадахгүй байна. УИХ-д сөрөг хүчний дуу хоолойг хэн сайн илэрхийлж чадах вэ гэдэг шалгуурыг тавихаар санал нэгдсэн. Тиймээс 28 дугаар тойрогт Э.Бат-Үүл, 18 дугаар тойрогт Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлсэн. Залуучуудыгаа дэмжсэнгүй гэх яриа гарч байна. АН-д насаар нь хагалах бодлого хүчтэй явсан. 70,80,90 –ээд оныхон гээд. Нам  бол улстөрийн үзэл бодлоороо нэгддэг байгуулага учир ийм насаар нь хуваах явдал байх ёсгүй. Манай намын лидерүүдийг та нар мэднэ.  Биологийн нас нь 60 ч МАН-ын 30 настай залуучуудаас илүү сэтгэж, хийж байна. Саяхан Сайд асан С.Баярцогттой тааралдлаа. 25 - тай юм шиг л гялалзаж явсан. Тиймээс манай намынхан насан дээр ач холбогдол өгөх хэрэггүй болов уу гэж бодож байна.