“МИАТ” ТӨХК дампуурлын ирмэгт ирсэн талаар салбарын яам нь мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр тус компанийн ТУЗ хуралдаж, удирдлагаа солих шийдвэр гаргажээ. 

Тодруулбал Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар  өчигдөр уулзаж, “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ. 

Учир нь цар тахлаас шалтгаалан олон улсын нислэгүүд зогссоны улмаас  “МИАТ” ТӨХК 2020 онд 58, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрсэн байна. 

Уг асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх товтой байсан. Тэгвэл өнөөдөр тус компанийн ТУЗ хуралдаж, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баттөрийн контрактын гэрээг цуцлах шийдвэр гаргасан байна.

 Улмаар МИАТ ТӨХК-ийн дэд захирал Б.Мөнхтамирыг Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.  Мэдээллийг албаны эх сурвалж ч баталлаа.