Цар тахал, халдвар, эдийн засгийн уналтын хажуугаар ажил цалгардуулж, иргэдийг бухимдуулах зүйл нэгээр нэмэгдсэн нь шатахууны нийлүүлэлт. Үнэндээ шатахууны нийлүүлэлт сая л иргэдэд хүчтэй мэдрэгдснээс үеийн үед улсын шүдний өвчин болсоор ирсэн. Нэг улсын, тэр дундаа нэг үйлдвэрээс хамааралтай энэ салбар ашиг сонирхлын томоохон талбар болсон нь бодит үнэн. Хэрэв Монгол улс ОХУ-д үл таалагдах үйлдэл хийвэл үнээ нэмнэ, дарамт шахалт үзүүлнэ, дотоодын нефть импортлогчдын санаанд Засгийн газар нь нийцэхгүй бол цоргоо хаана, шатахуунаа өгөхгүй тас гүрийнэ. Энэ бол тоглогчдын гол дүрэм.
Тиймдээ ч үе үеийн Засгийн газрууд тэр дундаа Уул уурхайн сайдууд шатахууны асуудлаар шалгалт өгдөг гэхэд хилсдэхгүй. Хавчлагч талуудын харилцааг хэрхэн зохицуулах, үнийн түвшинг хэрхэн барих нь тэднийг үнэлэх нэг шалгуур.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг байгуулагдаж байх үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон Г.Ёндонг салбарын хүн, мэргэжлийн хүн зэрэг сайлах үгээ олж ядаж байлаа. Гэвч магтсан хүүхэн хуримдаа гэгчээр шатахууны ид донсолгооны үеэр маневр хийж чадалгүй, Засгаа онхолдуулах дөхөв. Түүний унхиагүй байдлыг Зам тээвэр хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрээн хотод суугаа Консулын газрынхан бараг бүрэлдэхүүнээрээ өдөр шөнөгүй ажиллаж байж зассан. Гэтэл түүнд эрх баригчид хариуцлага тооцох дургүй, Г.Ёндон ч ёндоороод үлдчих санаатай чичирч байна.
Асуудал ид мандаж байх үед хариуцлагын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар нэр төдий хэлэлцээд л өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, шатахууны асуудал дээр алдаа гаргасан албан тушаалтныг олж, хариуцлага тооцохыг Г.Ёндонд тушаасан. Бүхэл бүтэн улсын шатахууны нийлүүлэлтийг тасалдуулчхаад өөрийнхөө өмнөөс хариуцлага тооцох хүнийг хайна гэдэг гутамшиг. Учир нь Г.Ёндонг бодлогын том алдаа гаргасныг өмнө нь УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Д.Сумьяабазар ил цагаан хэлчихсэн.
Тэрбээр “Өмнө нь уул уурхайн сайдаар ажиллаж байсны хувьд шатахууны нөөцийн асуудлыг ийм хэмжээнд хүрсэн нь байдал дэндүү дор орсны шинж. Үүнийг зохицуулах нь тийм ч хэцүү зүйл биш. У.Хүрэлсүхийн Засгийн газар шатахууны үнийг тогтвортой барьсны хүчинд 52 тэрбум төгрөгийг ард иргэдийнхээ халаасанд үлдээж чадсан. Үнийн тогтвортой байдал цаашид ч үргэлжлэх боломж бүрэн байсан. Харамсалтай нь тэр үед хийсэн бодлогын чанартай асуудлуудыг үргэлжлүүлж чадаагүйн улмаас ийм байдалд хүрлээ. Өөрөөр хэлбэл бодлогын алдаа гарсан, хангамжийн асуудал дээр хүртэл бодлогын алдаа гарсан. Өнгөрсөн жил хийсэн үнийн хамгаалалтын гэрээг үргэлжлүүлээд явсан бол өнөөдөр АИ-92 1600 төгрөгөөс илүү гарахгүй байсан. Хангамжийн асуудал ч үүнийг дагаад шийдвэрлэгдэх бүрэн боломж байсан” хэмээн мэдэгдсэн байдаг.
Засгийн газрын энэ алдааг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар зассан. “Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар ард олныхоо төлөө сэтгэлээ чилээж онцгой нөхцөлд онцгой хариуцлагатай байх ёстойгоо умартаж огт болохгүй. Чадахгүй, мэдэхгүй байгаа бол үнэнээ хэлдэг байх хэрэгтэй” гэж мэдэгдсэн нь Г.Ёндонд хаяглагдсан нь гарцаагүй. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга ирэх даваа гарагт хариуцлагын асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдэгдсэн.
Гэвч МАН-ынхан бүлгийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулжээ. Хойшлуулах тусам асуудал дарагддаг, мартагддаг. Энэ мэтчилэн дарсаар, мартуулсаар Г.Ёндон хариуцлагаас мултрах вий...!
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!