Нүүрсний тээвэрчид өнөөдөр Сүхбаатарын талбайд хүнд даацын тээврийн хэрэгсэл оруулж,  ЗГ-т шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Тэд  Замын-Үүд-Гашуунсухайт-Чойр чиглэлийн тээврийн жолооч нар Засгийн газарт Гашуунсухайт боомт дээр болж байгаа нөхцөл байдалд яаралтай дүгнэлт гаргах, Л.Халтар сайдын Чойр чиглэлийн тээврийг хаах тухай тушаалыг цуцлахыг шаардсан. Уг асуудлын талаар Сангийн сайд байр сууриа илэрхийллээ.

Б.Жавхлан:

- Чойрт хоёр асуудал байна. Нэгдүгээрт, тэнд их хэмжээний нүүрсний бөөгнөрсөн байна. Дахин нүүрс авах талбайгүй болсон. Ойролцоогоор 500 мянга тонн нүүрс ачигдаагүй байна. 

Хоёрдугаарт, орон нутгийн асуудал байна. Чойрын зам түйрэн болчихсон. Байгаль орчны асуудал ч байна, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн орчин нөхцөлийн асуудал байна. Хэрвээ энэ замыг түр хаах арга хэмжээ авахгүй бол Чойрт дахиад асуудал үүснэ.  

Зам тээврийн яамнаас тээвэрчдэд удаа дараа шаардлага тавьсан юм билээ. Замаа чийглэ, усжуулалтаа хий, тоосоо дар гэж. Тодорхой хугацаанд зөвшөөрлийг нь өгсөн боловч шаардлагыг биелүүлээгүй гэдгийг яамнаас нь мэдэгдсэн. 

Хэдийгээр нүүрсний холын тээвэрт эрсдэл  үүсэх ч хил гаргах асуудал хүндрэлтэй байгаа учир хаах шийдвэр гаргасан байна. 

Бөмбөлгийн зохион байгуулалт бол БНХАУ-ын талаас тавьсан шаардлага. Ийм зохион байгуулалтаар ажиллаад үз гэсэн. Ямартай ч нүүрсний экспорт таг зогсчихоогүй байна.