Ардчилсан намынханд өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй байгаа зүйл нь эв нэгдэл. Хоёр даргын хэн хэн нь, нэгнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, намын гишүүд нь байнгын хэрүүлтэй хэдэн жилийг үдэж буй тэд саяхан л “Бид нэгдлээ” хэмээн сүр дуулиантайгаа С.Зоригийн хөшөөнийхөө өмнө мэдээлэл хийсэн. Үнэндээ тэдний энэ хуурамч нэгдэлд итгэсэн хүн цөөн. Сонгууль угтсан ПИ-АР гэдэг нь илэрхий байсан ч ингээд ч болов учир зүйгээ олоосой хэмээн олон хүн залбирсан. Харамсалтай нь тус намынхныг “Ардчиллын бурхан тэнгэр” мөд дөө ивээхгүйн бололтой. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гал дээр тос нэмчихлээ.  

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын даргаар сонгогдсон М.Тулгат нар Төрийн Ордонд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намаасаа хөөж, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг бүлгээсээ хассанаа гэж мэдэгдэв. УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд өмнө нь хэд хэдэн удаа намаасаа хөөгдөж байсан. Ямар сайндаа л өнгөрсөн хоёрдугаар сард Ц.Туваан С.Эрдэнэ нар бие биенийгээ намаасаа "хөөж", олны доог болж байхав.  

Харин УИХ-ын гишүүн Х.Алтанхуяг С.Эрдэнэ намаасаа хөөсний улмаас УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшин сонгогдсон бол С.Ганбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард АН-д элссэн. Тэрбээр “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч МАХН-ыг МАН-тай нийлэх сургаар намаа сольсон билээ.

Гэвч Д.Ганбатын хийсэн үйлдэл АН-д аврал болох уу эсвэл бүр алалцаанд хүргэх үү гэдэгт хэн ч хариулж чадахгүй байна. Учир нь Ардчилсан намынхны хагарал УИХ дахь бүлэг дотроо хүртэл хүчтэй өрнөж эхэлснийг эл явдал гэрчлэв.  Ерөөс сүүлийн үед Ц.Туваан нарын хүмүүсийн хорчин явдал гаарах болсон. Бүлгийн даргын суудлыг хүртэл авах гэж оролдох болсон талаар мэр сэр яригдсан. Үүнд дургүйцсэнийх үү ямартай ч Д.Ганбат тэдэнд хатуухан хариу барчихлаа.

Бүлэгт Ц.Тувааны хүмүүс цөөнгүй бий. АН-ын бас нэгэн даргаар сонгогдоод буй О.Цогтгэрэл бол түүний нэг. Бүлгийн дарга Д.Ганбатыг ганцаарчилсан тоглолт хийснийх нь хариуд хариуцлага тооцох ухааны юм ярьсан нь тэдний хооронд томоохон сөргөлдөөн гарч буйн илрэл. Гэхдээ тэдний зөрчил сэхээ авах гэж ядаж буй АН-ыг улам дордуулж, хэдэн хэсэг хуваачих вий гэсэн болгоомжлол байна. 

Хэрэв бүлэг дотроо Д.Ганбат, М.Тулгат нар “ялалт” байгуулж чадвал АН нэг талдаа гарчихсан магадлал тун өндөр. Өөрөөр хэлбэл сүүлийн 2,3 жил үргэлжилсэн өшөөрхсөн тулаан цагаан тугаа өргөнө. Харин эс чадвал АН дахь маргаан улам ширүүсэж, аягүй бол өрсөлдөгч талууд тусдаа нам байгуулснаар өндөрлөх дүр зураг харагдсаар байгаа юм.