Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км авто замыг шинэчлэх ажил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч төрөл бүрийн шалтгаанаар зам засварын ажил хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Замын бүтээн байгуулалтын асуудалд УИХ-ын гишүүн Г.Дамдинням анхаарал хандуулсаар ирсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд газар дээр нь очиж ажилласан. Гэвч ЗТХ-ийн сайд Л.Халтартай уг асуудлаар хамтарч ажиллахад хүндрэлтэй байгаа талаар мэдэгдлээ.

Г.Дамдинням:

- Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Дарханы замын асуудлыг ярилцлаа. Гэвч Зам тээврийн сайд Л.Халтартай уг асуудлаар хамтарч ажиллахад хүндрэлтэй байна. Асуулт асуухаар зориуд хаяж гарах гэх мэт хүндэтгэлгүй хандаж байна. Уг нь Дарханы зам бол нэг гишүүний, байнгын хорооны асуудал биш. Монголын босоо тэнхлэгийн хамгийн том магистрал зам. Гэтэл шинэчлэлийн ажил эхлээд гурван жил болж байхад 50 хувьдаа ч хүрээгүй байна. Энэ замаар өдөрт 5 мянга, ачаалал ихтэй үед 15 хүртэлх мянган тээврийн хэрэгсэл зорчдог. Баянчандмань сумаас Урьхан, Хонгороос Баруун хараа сум хүртэлх замыг үхлийн зам гэж нэрлэдэг.  Зам тээврийн яамныхан энэ замаар 50км цагаас доош хурдтай яв гэдэг. Үнэндээ тэр замаар танк л 50км замаас доош хурдтай явах байх.

- Энэ зам хугацаандаа ашиглалтад ороогүйн гол шалтгаан нь туршлагагүй, хүн хүчгүй, өөрийн гэсэн техник хэрэгсэлгүй компанийг тендерт шалгаруулснаас болж, мордохын хазгай болсон.  Дээрх нь  Европын Сэргээн босголтын банкны төслийн нэгжийг Зам тээврийн яам байгуулж чадаагүй. Өнгөрсөн зун хоёр төслийн санхүүжилт гацсан. Сангийн сайд нь Азийн хөгжлийн банк руу хөрөнгө  гуйсан захидал бичиж, арай хийж нэг удаагийн санхүүжилт олгуулсан.  Уг нь энэ ажлыг зохион байгуулах ёстой хүн бол Зам тээврийн яам, Л.Халтар сайд.

- Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүд энэ асуудал дээр нэлээн ур суурьтай, хамтарч ажиллахаар болж байна.