Рио Тинтогоос өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хэлэлцээрт өгөх саналаа захидлаар ирүүлсэн. Уг саналд хэд хэдэн санал тусгагдсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх”, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 400 сая ам.долларыг гурван жилийн хугацаанд олгох, менежментийн төлбөрийг үе шаттайгаар бууруулах зэрэг санал гаргасан. 

Хэлэлцээний талаар ХЗДХ-ийн сайд, Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар "Бид 11 дүгээр сарын эхээр Оюу толгой компанитай эрчим хүч тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна. Хэлэлцээр тодорхой хэмжээнд урагшилж байгаа хэдий ч бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Бидний хамгийн их хүсч байгаа зүйл бол Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх.

Энэ саналыг манай Засгийн газар удаа дараа тавьж байгаа боловч Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх саналыг нөгөө талаас гаргаагүй. Айлын тал хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд 1000 зөвлөх авчраад энэ яриа хэлэлцээ урагшлахгүй. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэл рүү л явж байгаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.