#Шууд:  Э.Гэрэлт-Од: Монголын Намуудад Улс төрийн төлөвшил алга

Улстөр судлаач Э.Гэрэлт-Од: 

- Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон намын тогтолцооны соёлыг тогтоохыг оролдож байна. Улстөрийн намууд нь МАН түүний угшилтай намууд, бусад намууд гэж хоёр хувааж болохоор байна. Бусад намууд гэдэгт нь шинээр байгуулагдсан намууд буюу үйл ажиллагаа нь хөлд орж байгаа хүүхэд мэт. Харин МАН бол харьцангуй үйл ажиллагаа нь цэгцэрсэн, бүтэц боловсон хүчин нь тогтсон байна.

- Бид одоогоос 30 жилийн өмнө нэг том алдаа гаргасан нь улстөрийн намуудад гарааны тэгш байдлыг олгож чадаагүй.  Хэрэв нэг гараанаас гаргасан бол өнөөдөр улстөрийн намуудын төлөвшил магадгүй ижил байхыг үгүйсгэхгүй.

- Өнгөрсөн хугацаанд Монгол Улс олон намын тогтолцоотой, ардчилсан системтэй гэж харж ирсэн. Гэтэл сүүлийн хоёр жилийн сонгуулийн үр дүнгээс харахад нэг намын давамгайлсан улстөрийн тогтолцоо байдаг гэдгийг нотлох үйл явц өрнөж байна. Үүнийг шууд нотлогдлоо гэж хэлж болохгүй. Магадгүй дахиад 2-3 сонгуулийн үр дүнгээр тодорхойлогдох байх.  

- Улстөрийн нөлөө бүхий нэг нам нь дотроо асуудал ихтэй байна.  Сүүлийн 5-6 жилийн хугацаанд нэлээн бужигналаа. АН бол нэлээд олон намын нэгдэл дээр үүссэн нам. 1992 онд 4 намын нэгдэл байсан. 2000 онд дахиад 6 намын нэгдэл бий болсон. АН бол задгай улстөрийн соёлтой. Энэ соёл нь сонгогчдын хүлээлтэд нийцэхгүй байж магадгүй. Ихэнх сонгогчид нам гэдэг нь эв нэгдэл, эмх цэгц гэж ойлгодог учир АН тэр хүлээлтийг нь хангаж чадахгүй байгаа дүр зураг ажиглагдаж байна. Харин МАН бол тэр хуучинсаг сэтгэлгээнд илүү ойр байгаа учир сонгогчдын дэмжлэг авдаг байх талтай.

- Би хувьдаа АН-ын дотоод асуудал хурдан шийдэгдэх ёстой. Өнгөрсөн баасан гарагт болсон хурал нэлээн ширүүн боллоо. Эвлэрлийг бий болгож чадсан уу гэхээр одоо байгаа дүр зураг нь болоогүй байна. Цаашид хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Болж өгвөл хурдан цэгцрэх хэрэгтэй. Хэрэв боломжгүй бол  тусдаа нам байгуулаад явж болно. Монголын улстөрийн зах зээл нэг нам дээр төвлөрөхгүй. тусдаа нам байгуулаад явж болно

- Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. АН-тай АН-гүй үүр цайна. Гэхдээ АН байвал илүү л сайн. Манай намгүйгээр Монголын ардчилал байхгүй гэдэг бол худлаа. 1990 оныхоороо төсөөлж болохгүй.