"Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилох асуудал сүүлийн хэдэн сар яригдаж байгаа ч ОХУ-ын талтай тохиролцож чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Монгол Улсын талаас хэд хэдэн хүнийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар томилуулах санал хүргүүлэсэн боловч ОХУ-ын талаас зөвшөөрөхгүй, өөр хүн санал болгохыг шаардсан. Түүгээр ч зогсохгүй Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ОХУ-д ажиллаад ч даргынхаа томилгоог хийж чадаагүй ирсэн. Харин сүүлийн үед уг суудалд АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг тавихаар тохиролцсон. Ингэхдээ Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийг улсын төсвөөс төлөхөөр тохиролцсон гэх.
Ямар шалтгааны улмаас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан зээлийг Засгийн газар төлөхөөр болчихов гэдэг асуудал анхаарал татаж буй. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Тооцооллын асуудал байгаа юм билээ. 1993-1995 онд тухайн үеийн иены ханшаар нь зээл авсан. Энэ нь тухайн үеийнхээ ханшаар 220 орчим тэрбум төгрөг байсан. Энэ зээлээ 2000-2013 оны хооронд Улаанбаатар төмөр зам” ХНН төлж дуусгасан. Харин ханшийн зөрүү, зээлийн хүү нь одоогоор 200 гаруй тэрбум төгрөг болчихсон юм билээ. Үүнийг нь хоёр тал 80 гаруй тэрбум төгрөгөөр буюу манай тал УИХ-аар шийдвэр гаргуулаад УБТЗ дээр бичнэ. ОХУ мөн энэ зарчмаар УБТЗ дээр оруулах маягаар шийдвэрлэнэ. Үлдэгдэл 40 гаруй тэрбум төгрөгийг нь 2021-2025 оны хооронд УБТЗ төлнө гэсэн ийм л зүйл УИХ дээр орж ирсэн. Тэрнээс татвар төлөгчдийн мөнгөнөөс төлнө гэсэн юм байхгүй” хэмээн мэдэгдсэн.
Сангийн сайд Б.Жавхлангийн ЗТХ-ийн сайд Л.Халтарт явуулсан санал дүгнэлтээс товчилж хүргэвэл,
- Зээлийг УБТЗ ХНН 2025 он хүртэл бүрэн төлж дуусах байсан ч 2000-2006 онд хуваарийн дагуу бүрэн, 2007-2014 онд тогтмол бус, 2014 оноос хойш огт төлөлт хийгдээгүй байна.
- Өрийн үлдэгдэл 2019 оны жилийн эцсийн байдлаар 204,7 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ хугацаанд тооцоологдсон алданги 47,3 тэрбум,
- үндсэн төлбөрийн үлдэгдэл 138,27 тэрбум,
- хүүгийн төлбөр 19,2 тэрбум төгрөг төлөхөөр байна.
- Зээлийн үлдэгдэл төлбөр 204,7 тэрбум төгрөгөөс УБТЗ ХНН-ийн 1998-2015 оны хооронд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73,8 тэрбум төгрөгийн суутган тооцохоор тусгаж, 131 тэрбум болсон. Үүн дээр хүүгийн төлбөр, алдангийн дүнг нэмж тооцоход дамжуулан зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл төлбөр 160,6 тэрбум төгрөгт хүрээд байна гэжээ.
Түүнчлэн санал дүгнэлтэд Д.Тогтохсүрэнгийн ярьсанчлан УБТЗ ХНН-ийн зээлийн үлдэгдлийг Монгол болон ОХУ-ын талаас тэнцүү 83,7 тэрбум төгрөг гаргаж, дүрмийн санг нэмэгдүүлэх журмаар төлөхөөр тохиролцжээ. Гэхдээ УБТЗ ХНН бол төрийн өмчит компани. Төр төсвөөс мөнгө гаргаж, дүрмийн санг нэмэгдүүлж гэмээнэ хоёр талын тохиролцоо хүчинтэй болох учиртай. Харин энэ шийдвэрээ төсвөөс нэг ч төгрөг гарахгүй хэмээн тайлбарлаж байгаа нь хэтэрхий өрөөсгөл гэдгийг иргэд хэлж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!