Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэллээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар мэдээлэл хийв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд тушаал гарган Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Нийслэлийн боловсролын газар, Монголын их, дээд сургуулиудын консорциумаас гадна иргэн, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүү, “Сайн сургуулийг таны дэргэд” Төрийн бус байгууллагын тэргүүн П.Наранбаяр, “Tomyo Edu Tech”-ын үүсгэн байгуулагч В.Баярсайхан нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан байна. 

Ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн Боловсролын газраар хянуулан баталгаажуулсан тул эхний 428 хүүхдийн нэрийг зарлалаа.

Үлдсэн сум, хорооны хувьд эцсийн байдлаар баталгаажуулж, Ажлын хэсгээр хэлэлцэн шийдвэрлэсний дараа зарлахаар төлөвлөж байна.