Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2022 оны шинэ төсөв эхлэхтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагджээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
- Энэ тогтоолын төсөл нь 2022 оны төсвийн үйл ажиллагааг илүү чанаржуулах урьдчилсан чиглэлтэй, найман хэсгээс бүрдсэн. Тухайлбал Орлогын чиглэлээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын ашигтай ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх гэх мэт. Төсвийн зардал талдаа нийгмийн суурь үйлчилгээний санхүүжилтын шинэчлэл, төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлнэ. Мөн төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх талаар ямар схемээр зохион байгуулах талаар нарийвчилсан чиглэл өглөө.
Мөн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, гадаад зээл тусламжийн хувьд дамжуулан зээлдүүлэгч нарын санхүүжүүлсэн төслийн өрийг барагдуулах, эдийн засгийн чанарыг нь сайжруулах талаар чиглэл өгсөн тогтоол гарлаа. Эдгээр агуулгууд дотор сүүлийн үед олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд байгаа Төрийн үйлчилгээний албан хаагчдыг цомхотгох, ажлын байрыг нь өөрчлөх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зэрэг асуудлыг нэлээд тодруулан орууллаа.
"Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль" батлагдаад жил болж байна. Уг хуулийн 20.1.18 дугаар заалтад “Боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ орон нутгийн чиг үүрэгт шилжсэн" гэж заасан. Үүнийг дагаад 2022 оны төсөв дээр тодорхой зүйлүүд тусгагдсан. Өөрөөр хэлбэл дээрх байгууллагуудын нийтлэг үйлчилгээний чиг үүрэг нь тухайн орон нутгийн захиргаа буюу тухайн дүүрэг, аймаг, сумын ЗДТГ руу шилжсэн гэсэн үг. Жилийн өмнө зохицуулсан асуудал. Бүх цалин урамшуулал, тэтгэмж гэх мэт зардлууд одоо байгаа албан хаагчдынхаа тоогоор орон нутгууд руу шилжсэн. Тэгэхээр төсвийг нь багасгаад, орон тоог нь багасгана гэсэн ямар ч зохицуулалт хийгдээгүй. Үүн дээр цалин, цалингийн сан, төсөвтэй холбоотой санаа зовох зүйл байхгүй.
Одоо байгаа статусаараа цааш үргэлжлүүлэхэд санаа зовох зүйлгүй. Төсвийн шинэчлэлийн хүрээнд зардлын хувьд гурван том чиглэлээр шинэчлэл хийж эхэлсэн. Энэ жил эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтын том шинэчлэлүүдийг хийсэн. Ирэх жил боловсролын салбарт хийгдэнэ. Хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэдэг нь ганц энэ асуудал дээр биш бусад төрийн чиг үүргүүдийг мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэх мэт маш олон зүйл дээр төсвийн шинэчлэл хийгдэж байгаа. Энэ асуудлыг буруу тайлбарлах, улс төржүүлэх агуулгатай мэдээллүүд гарч байна.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!