“Мек” төв ээлжит улс төрийн барометерийн судалгаагаа танилцууллаа. Судалгаагаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын рейтинг өнгөрсөн сарынхаас өссөн дүн гарсан байна. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, УИХ-ын үйл ажиллагааны рейтинг буурчээ.

“Мек” судалгаагаараа  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллгаанд дүгнэлт хийсэн бөгөөд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1010 иргэнээс хоёрдугаар сарын 11-14-ий өдрүүдэд санамсаргүй байдлаар түүвэрчилж утсаар авсан байна.

Судалгааны дүнгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг өссөн  нь төмөр замын асуудал шийдэгдсэн, Оюу толгойн гүний уурхайг хөдөлгөсөн, ковидын вакцинжуулалт, Хөгжлийн банкинд тулгарсан асуудлыг ил болгосон зэрэг шийдвэрүүд нь иргэдээс өндөр үнэлгээ авч, рейтинг өсөхөд голлон нөлөөлжээ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд хүүхдийн мөнгө нэмсэн, тэтгэвэр нэмэх  чиглэл өгсөн нь нөлөөлсөн дүнтэй байна.  Түүнчлэн, иргэд үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлж, хоёрт Л.Оюун-Эрдэнэ эрэмбэгджээ.  Ерөнхий сайдын хувьд таалагддаг улстөрчдийн рейтинг сүүлийн сард 2 хувь өссөн байна.