Хөгжлийн банкыг шалгах УИХ дахь ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: 

- УИХ-ын дарга 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр захирамж гаргаж, Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Цагаан сар тохиосон учир 8 хоног ажиллаж, урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Цаашид шалгах ажил их байна. Шалгалтын явцад нийт 800 гаруй хуудас материал цугласан.

Нийт зээлийн  68.9 хувь буюу нэг их наяд 874 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон байна. Үүнээс 31 буюу 840 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаатай олгосон. Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн банкны 63 тэрбум, 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр 1.6 их наяд буюу 500 сая ам.долларын бонд төлнө. Мөн 2023 оны арванхоёрдугаар сард "Самурай" бондын эргэн төлөлтийг хийнэ. Эдгээр эргэн төлөлт хийхэд урьд олгосон зээл хүрэлцэхгүй. Монгол Улсын Засгийн газар, төрийн нуруунд их хэмжээний ачаалал ирэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байсныг Монголбанк гаргасан 1.3 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн. Хөгжлийн банкны зээл 2012 оноос эхлээд олгогдсон. 7.4 их наяд төгрөгийн зээл олгогдсноос 2021 оныг хүртэл 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болчхоод байгаа юм. Үүнээс 3.2 нь чанаргүй болсон. Энэ дээр голлож ажиллалаа.

Нийт зээлийн 31 хувь буюу 1.2 их наяд төгрөгийн зээлийг чанартай гэж үзэж байна. 55.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн 28 зээл чанаргүй, 15 зээл буюу 209 сая төгрөгийн зээл анхаарал хандуулах зээлд хамрагдсан.

Нийт зээлийн зарцуулалтыг авч үзвэл 84.1 хувь буюу 2.7 их наяд 52 зээлийн зарцуулалт зориулалтын дагуу зарцуулагдсан бол 511.8 буюу 21 зээл зориулалтын бусаар зарцуулагдсан байна. Үүнд 20 аж ахуй нэгж бий.

Эрсдэлийн сангаар тооцож үзвэл 687 тэрбум чанаргүй, 543 тэрбум төгрөг анхаарал хандуулах, 131 тэрбум төгрөг хэвийн гэж үзэж байна.

Барьцаа хөрөнгийг авч үзвэл нийт зээлийн 59.9 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн 39 зээл барьцаа хөрөнгө хангаагүй, 46.1 буюу 1.4 их наяд төгрөгийн зээл барьцаа хангалттай гэж үзсэн. 

Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийг авч үзвэл нэг жил хүртэлх зээлийн 797.8 тэрбум төгрөг нэг жил хүртэл хугацаа хэтэрсэн байгаа. 1-2 жилийн хугацаа хэтэрсэн нь 462 тэрбум төгрөг байна. 2-3 жил хугацаа хэтэрсэн 482 тэрбум төгрөг, гурван жилээс хугацаа хэтэрсэн нь 1.1 их наяд төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байна.

Чанаргүй зээлдэгч нарыг зарласнаас хойш 21 ААН 48,9 тэрбум төгрөгийн төлөлт хийгдсэн байна. Шүүхийн шатанд 30.9 хувийн зээлийн нэхэмжлэл гаргасан.  Үүнд 11 удаа хойшилсон шүүх хурал байна.