#Шууд: Б.Батцэцэг: АНУ-ын биологийн зэвсгийн лаборатори МУ-д байрлахгүй! Ерөнхийлөгч үүнтэй холбоотойгоор ҮАБЗ-ийн хурал зарласан

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: 

- Гадаад харилцааны яам өчигдөр мэдэгдэл хийсэн. 

1-рт, Монгол улсад биологийн зэвсгийн лаборатори огт байхгүй. Байх үндэслэл ч байхгүй. Эрх зүйн хувьд болоод төлөвлөгөөнд ийм төрлийн лаборатори хөгжлүүлэх бодлого байхгүй. Тэр дундаа АНУ болон Европын орнуудтай энэ төрлийн лаборатори байгуулах тухай яриа хэлэлцээр огт хийгдээгүй. Дэлхийн геополитикийн асуудал хүнд байгаа. Хардах эрх хэнд ч бий. Дэлхийн орнууд ковидтой холбоотой хамтын ажиллагаа идэвхжсэн.  

2-рт, ОХУ-ын нэгэн сонинд дөрвөн удаа энэ талаар нийтлэл гарсан байна. Эх сурвалж нь судлаач, эрдэмтэн хүн байсан. БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл үнэн бодит байдалд нийцэхгүй. Монгол Улсын гадаад харилцаа нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн байх зарчмаа маш сайн баримталж байгаа.

Хэрэв хүсвэл олон улсын шинжилгээ дүгнэлт хийдэг байгууллага, ОХУ-ын байгууллага, хүмүүст танилцуулга хийхэд бэлэн байна. 

- Монгол Улсын төрийн бүх байгууллага гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, судалгааг нарийвчлан гаргасан.  Ялангуяа хүмүүсийн хардалтыг төрүүлэхүйц ямар төсөл байгааг нягталсан. Холбогдох байгууллагууд ҮАБЗ-ийн хурал дээр энэ талаар мэдээлэл хийнэ. 

-  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн байгууллагууд ч мэдээллээ чамбайруулж, нэгтгэн танилцуулж, сонсгол хийх үүрэг өгсөн. ГХЯ-наас ч ийм зүйл байхгүй гэдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулсан. Бүгд нэг ойлголттой байгаа. 

- Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш дэлхий даяар хэвлэл мэдээллийн дайн зэрэгцүүлэн хийж байна. Маш их хардлага бий болж байна.  Янз бүрийн буруу ташаа мэдээллийг албаар өөрсдийн эрх ашигт нийцүүлэн дурын хүн илэрхийлж болж байна. 

-  Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй улс. Үүнийг ашиглаж иргэдийн бухимдлыг төрүүлэх, найрсаг харилцаатай хөрштэй нь хагалж бутаргах, ийм хардалт зөвхөн энэ сэдвээр биш бүхий л сэдвээр гардаг. Тиймээс ГХЯ энэ тал дээр богино хугацаанд нээлттэй мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна.