#Шууд: Н.Тавинбэх: Цахилгааны үнэ нэмэгдээгүй. Иргэдийн өөрсдийнх нь хэрэглээ өндөр байна!

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

- Эрчим хүчний салбар хүнд байгаа ч өнөөдрийн ямар нэгэн доголдол гараагүй. Хүнд байгаа шалтгаан нь хэрэглээгээ үйлдвэрлэлээсээ давчихсантай холбоотой.  Эрчим хүчний чиглэлээр хийгдэж буй ялангуяа шинэ эх үүсвэрийг бий болгох төсөл хөтөлбөр дажгүй сайн явагдаж байна.

- Эрчим хүчний үнэ нэмэгдээгүй. Засгийн газар ковидын хүрээнд олон арга хэмжээ авсан. Энэ хүрээнд өнөөдрийг хүртэл айл өрхийн эрчим хүчний үнийг төрөөс даасаар байна. Харин ААН-үүдийн үнийг 13 сарын хугацаанд даасан. Энэ нь олон ААН айл өрхүүдэд бодитой санхүүгийн дэмжлэг болсон. Энэхүү арга хэмжээг авснаар ямар нэгэн эдийн засгийн сөрөг үр дагавар гараагүй. Инфляц хөөрөгдөөгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлээгүй. 

- Өнөөдрийн байдлаар Засгийн газар айл, өрхүүдийн цахилгаан, дулааны эрчим хүчний үнэд 870 тэрбум төгрөг зарцуулаад байна. Хэдийгээр эрчим хүчний үнэ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ч ийм хэцүү үед хэрэглээний үнийн сагсанд нөлөөлдөг суурь бүтээгдэхүүний үнийг нэмэх тухай асуудлыг Засгийн газар дээр ярихгүй. Тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

- Монгол улсын хэмжээн эрчим хүчний 1 сая хэрэглэгч байдаг. Эдгээр иргэдээс олон санал гомдол ирдэг, тэдгээрийг тухай бүрт нь барагдуулдаг. Ялангуяа төрөөс цахилгаан эрчим хүчний үнийг даасантай холбогдуулан манай хэрэглэгчид хэрэглээгээ нэмэгдүүлсэн. Ний, нуугүй л хэлье. Бид өнгөрсөн оны мөн үетэй дүйцүүлж хэрэглээгээ нь даасан. Гэтэл иргэд хэрэглээгээ нэмэгдүүлсэн байсныг хэвлэлийнхнийг хүртэл дагуулж яваад харуулсан шүү дээ.

- Ирэх жил иргэд цахилгаан дулаан дээр ямар нэгэн асуудал гарахгүй. Эрчим хүчний салбар 2022-2023 оны өвлийг амжилттай даван туулах бэлтгэлийг хангаж байна. Цаг хугацаа бидэнд байна. Өвлийн ажил 10 дугаар сараас эхэлдэг. Ер нь эрчим хүчний салбар үнийн өсөлтөд хамгийн өртөж байгаа салбар. Хэрэглэдэг тоног төхөөрөмжөө 100 хувь импортоор авдаг. Гэхдээ салбарын хамт олон хэвийн үйл ажиллагаагаа хангахаар ажиллаж байна.