Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдээлэл нийтийн анхаарлын төвд орж ирлээ. Гэвч иргэд, олон нийт Үндсэн хуулийн талаар тодорхой мэдээлэл авахаасаа өмнө УИХ-ын гишүүдийн тоо олон болох асуудалд ач холбогдол өгч, дургүйцэж байгаа юм. Ямар ч агуу Үндсэн хууль нийгмийн хөгжлийн бүх явцыг бүхэлд нь урьдчилан харах боломжгүй байдаг учраас 30 жил хэрэглэсэн Үндсэн хуулийн цөөн заалтууд цаг үеийн үйл явцтайгаа уялдаж өгөхөө байсан тул улс төрийн намууд өөрчлөлт хийх асуудлыг хөндөж буй бололтой.

Сонирхуулахад 1992 онд шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж байх үеэр Ардын их хурлын 430 депутатын зарим нь Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгох, парламентыг хоёр танхимтай байлгах саналыг гаргаж байсан баримт бий. Ардын их хурал дахь нам бусуудын болон Хөдөө аж ахуйн хоршоодын бүлгээс гарсан энэ саналыг арваад аймгийн бүлэг хүчтэй дэмжиж байжээ.

Монгол Улс цаашдаа улс төрийн ямар засаглалыг барьж явах вэ гэсэн асуудал тухайн үеийн Ардын их хурлын гишүүд төдийгүй нийгмийн, иргэд олон нийтийн дунд хамгийн анхаарал татсан асуудлын нэг байсан учраас “Монгол Улсад Парламентын, Ерөнхийлөгчийн, Хаант засаглалын аль нь тохирч, нийцэх вэ” гэдэг асуудлаар ард нийтийн хэлэлцүүлэг ч өрнөж байсан нь түүх болон үлджээ.

Ард нийтийн энэ хэлэлцүүлэгт 900 мянган иргэн хамрагдаж, тэдний 60 хувь нь Парламентын засаглалыг сонгосноор монголчууд ардчиллын хамгийн том баталгаа болсон парламентын засаглалтай улс болсон түүхтэй. Энэ талаар шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимэд агсан хожим дурсахдаа “Энэ бол тухайн үед алсыг харсан гэхээсээ илүү ердөө хэдхэн жилийн өмнө нэг хүнийг тахин шүтэх дэглэмийг үзэж туулсан хүмүүсийн хандлага дээр болж өнгөрсөн явдал” хэмээн хэлсэн байдаг.