Сүүлийн үед Ховд аймгийн Засаг даргын томилгооны асуудал олны анхааралд байлаа. Тэгвэл шинэ Засаг даргыг ямар нөхцөл байдал хүлээж байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос дараах байдлаар харуулжээ. 

• Улаанбаатар хотоос хамгийн алслагдсан 2 аймгийн нэг буюу 1487 км-т оршдог (Баян-Өлгий 1709 км).
• Хүн ам 91.1 мянга, улсад хүн амын тоогоор 9-д ордог, үүний гуравны нэг нь аймгийн төвд амьдардаг. Нийт 3.6 сая малтай, улсад малын тоогоор 10-т ордог, 14 мянган малчин иргэдтэй. 
• Ажиллах хүчний оролцооны түвшин 67% буюу 100 хүн тутмын 67 нь хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг (улсын дундаж 2021 онд 57% байсан). Ажилгүйдлын түвшин улсын дунджаас өндөр буюу 9% буюу 3.5 мянган хүн ажилгүй. 
• Дундаж цалин 943 мянган төгрөг (улсын дундаж 1.3 сая төгрөг, хамгийн өндөр нь Орхон 1.7 сая бол хамгийн бага нь Баян-Өлгий 825 мянга).
• Ядуурал харьцангуй өндөр 39.7% буюу улсын дунджаас даруй 12% их байна ( хамгийн бага нь Өмнөговь 16.4%, хамгийн өндөр нь Говь-Алтай 42.4%).
• Аймгийн эдийн засгийн хэмжээ 699.6 тэрбум төгрөг (Орхон аймгаас 4 дахин бага). Мал аж ахуй 40.8%-ийг бүрдүүлдэг. Нэг хүнд ногдох ДНБ нь 7.9 сая төгрөг (Орхон хамгийн өндөр буюу 29.5 сая, Баянхонгор хамгийн бага буюу 3.9 сая). 

Товчхондоо Ховд аймаг бол Монгол Улсын алтан дундаж гэж хэлж болохоор. Мал аж ахуй давамгайлсан, ядуурал өндөр, байгаль цаг уурын хүнд нөхцөлтэй (энэ жил нийт нутгийн 70 гаруй хувь нь гантай), томоохон зах зээлээс алслагдсан. Хөшөөтийн уурхайг эс тооцвол Орхон, Өмнөговь аймгууд шиг уул уурхайн салбар сайн хөгжөөгүй байна.