#ШУУД: Тавантолгой-Гашуунсухайтын тээвэрчид ажил хаялт зарлахаар боллоо...
"Баянзам" тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Х.Баярхүү:
- Нүүрсний тээвэр хүнд байдалд орж, зогсох дээрээ хүрээд байна. Нүүрсний гурван бүлэг орд уурхайгаас БНХАУ-ын худалдан авагчид мөнгөө төлөөд авсан нүүрсийг Цагаанхад хүртэл тээвэрлэдэг. Гашуун сухайт руу гаргадаг. Гэтэл энэ тээвэрт асуудал үүсээд удаж байна. Үүнийг төр засгийн удирдлагууд маань олж харахгүй байна.
- Дундын тээвэр буюу 230 км замд дотоодын тээврийн аж ахуй нэгж оролцдог. Гэтэл энэ замд хоёр жилийн өмнөх ханшаараа тээвэр хий гэж шахаж болох уу. 2020 онд 80 юаниар тээвэр хийж байгаад цар тахал гарч, нүүрсний экспорт зогссон. Энэ үед түлш 2000 төгрөг байсан. Улмаар энэ оны тавдугаар сард буюу гурван сарын өмнөөс эргэн тээвэрлэлт хийж эхэлсэн. Өдөрт 400 машин л явж байна. Хэвийн үедээ 700-1000 автомашин явдаг байсан. Гэтэл өнөөдөр шатахууны үнэ хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн байна. Тухайн үед 475 мянган төгрөгөөр түлш авдаг байсан бол өнөөдөр 1 сая төгрөгөөр түлш авч байна. Энэ хэвээр удаан үргэлжилбэл тээвэр зогсоход хүрэх нь байна.
- Энэ ханшийг нь БНХАУ-ын худалдан авагчид тогтоодог. Өнөөдөр яам болон уурхайч энэ ханшны талаар дуугарч чадахгүй байна. Тиймээс төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй байна. Эрхзүйн баримт бичиг нь бэлэн байна. Тодруулбал, ачаа тээврийн жишиг тогтоох тарифын талаар Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сард гарсан 374 дүгээр тушаал бий. Энэ тушаалын 2.11- р заалт дээр "Ачаа тээврийг тогтоохдоо Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон жишиг тарифыг үндэслэн оролцогч талууд гэрээгээр тогтооно" гэж заасан байдаг. Энэ заалтаар 110 юаниар тээвэр хийхээр байна.
- Гашуун сухайт дээр тусгаарлагдаад байгаа 6800 жолооч байна. Нөөцтэйгөө 7500 жолооч тээвэр хийж байна. Нэг гэрт 4 жолооч байдаг. Бүгд сөрөг гарсан тохиолдолд ажилдаа гардаг. Гэтэл тэдгээр жолооч нарыг арай гайгүй цалинтай ажилд оръё гэхэд компани нь хасдаггүй, явуулдаггүй нэг зовлон байна. Хэрвээ манайхаас гарвал Цагаанхаднаас яв, өөр компанид оруулахгүй гэж дарамталж байна. Зөвхөн С зөвшөөрөл гаргуулахын төлөө хүний амьдралыг үгүй хийж байна. Хөдөлмөрийн хууль, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа энэ үйлдлийг анхаарч өгөөч.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!