Зуны урт амралт дуусч ажил, амьдрал буцалж байгаа энэ өдрүүдэд түгжрэлийн асуудал хүн бүрийн толгойны өвчин болж байна. Нийслэлийн удирдлагууд энэ жил 420 тэрбум төгрөгийг түгжрэлийг бууруулах ажилд зарцуулахаар төсөвт суулгуулсан. Тэгвэл тэд энэ хөрөнгөөрөө юу хий, ямар ажилд зарцуулав. Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзоригоос тодрууллаа.
Ч.БАТЗОРИГ:
- НИТХ-аас баталсан 2022-2024 онд Нийслэлийн түгжрэлийг сааруулах ажлын хүрээнд 12 том ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс энэ жил гурван том ажилд хөрөнгө оруулаль хийнэ. Тодруулбал, шинээр баригдах зам, гүүрны газар чөлөөлөлтөд нийт 390 тэрбумын нөхөн олговор шаардлагатайгаас энэ жил 75 тэрбум төгрөгийг зарцуулсан.
- Нийтийн тээвэрт өнөөдрийн байдлаар 106 чиглэлд 1000 хүрэхгүй автобус явж буй. Нийслэлийн хэмжээнд 124 чиглэлд 1430 автобус шаардлагатай байгаагаас 2022-2024 онуудад 1130 ширхэг автобусыг нь шинэчилнэ. Уг ажлын хүрээнд энэ жил 600 орчим автобус шинээр худалдан авахаар төлөвлөснөөс 100 гаруй автобус нь орж ирсэн. Үлдэгдэл 400 орчим автобус нь 11, 12 дугаар сард оруулж ирнэ. Энэ ажлын урьдчилгаа төлбөрт 77 тэрбум төгрөг зарцуулсан.
- Цэцэрлэг, сургуулийн хүртээмж түгжрэлийг 20 орчим хувиар нэмэгдүүлдэг гэх судалгаа бий. Тиймээс цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд улс болон нийслэлийн төсвөөс 170 орчим тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг олгосон. Өмнө нь хотын хэмжээнд 100 гаруй мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүчин чадалтай байсан. Харин түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 32 мянган хүүхдийг хамран сургах тойргийн хүрээнд нь шинээр цэцэрлэгт хамруулаад байна. Энэ ажил ирэх сургуулийн хүртээмжийг сайжруулах ажлаар үргэлжилнэ. Эдгээр гурван ажилд нийслэл 420 тэрбум төгрөгөөс 270 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан.
- Зам, замын байгууламжийг сайжруулах хүрээнд 13 байршилд 228 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэхээс 2022 онд 70 тэрбум төгрөгийг хуваарилсан. Тодруулбал, Ард Аюушын өргөн чөлөөг шинэчлэх, Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын өргөн чөлөөтэй холбох гүүр, Зайсангийн гүүр, Шар хадыг Улиастайтай холбох зэрэг гүүрэн байгууламж баригдаж байна.
- Нийслэлийн хэмжээнд энэ жил нийт 188 байршилд 480 орчим гарааш, 375 хайс буулгахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд 17 тэрбум, мөн түүнийг дагасан ногоон байгууламжийн тохижилт, зам барилгын ажилд нийт 31 тэрбум төгрөг хуваарилсан.
- 2024 онд Зам тээврийн удирдлагын ухаалаг систем нэвтрүүлэхэд 22.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ систем нэвтэрснээр 2024 он гэхэд түгжрэлийг 50 хүртэл бууруулах зорилтод ихээхэн нөлөөлнө. Нийт 161 уулзварт ухаалаг уншигч суурилуулахаас энэ жил Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шар хүртэл 44 камер суурилуулсан. Зам тээврийн удирдлагын ухаалаг систем нь камерын бус автомашины зорчилтыг уулзварууд дээр таних систем. Энэ нь цаашид тээврийн цагдаа нарын ажлыг хөнгөвчилнө.
- Их тойруу буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутагт тав болон есөн давхар зогсоол байгуулахаар 10 байршлыг сонгосон. Уг ажилд 8 тэрбум төгрөг хуваарилж, газар чөлөөлөх ажлууд хийгдэж байна. Ихэвчлэн газар аваад гурван жил огт ажил хийгээгүй газруудыг сонгож, өмчлөгчидтэй тохиролцох ажлыг хийж байгаагаас одоогийн байдлаар газар чөлөөлөлт 52 хувьтай явж байна.
- Явган 16.8 км, унадаг дугуйн 14.4 км зам шинээр тавихад 11.2 тэрбум төгрөг зарцуулна.
- Нийслэлийн хэмжээнд 74 ил зогсоол байдаг. Эдгээр зогсоолуудын шинэчлэлтийг мөн ажлыг хийнэ. Дээр дурдсан ажлуудад нийт 414 тэрбум төгрөг зарцуулагдана. Нийт төсөвт өртөгийн 62 хувь он дамжих бол 40 хувь нь энэ ондоо багтаж дуусна. Ирэх онд 2023 онд томоохон ажил гэхээсээ он дамнасан төслүүдээ дуусгахад анхаарч ажиллана гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!