Нийслэлийн ИТХ-ын XV хуралдаан өчигдөр болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргаас гаргасан саналыг бүрэн дэмжлээ. Ингэснээр ҮСАХ-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж буй юм.
Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр:
- Манай орны хувьд “Диснейлэнд" шиг парк байгуулахад хүндрэлтэй. Мөн цаг агаарын эрс тэс уур амьсгалтай холбоотойгоос гадна тоглоомын элэгдэл маш өндөр байдаг. Бид жил бүр тоглоомоо тодорхой хэмжээнд шинэчилж ирсэн. Харин 2021-2022 онуудад цар тахлаас шалтгаалан тоглоом шинэчилж чадаагүй. Цаашид төслийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр санхүүгийн хувьд бие даах боломжтой болно. Иймд жил бүр тоглоом шинэчилнэ.
Энэ 17 жилийн хугацаанд “Паркаа аваръя” хөдөлгөөн өрнөж, орон сууцны хороолол барих гэж байна гэдэг ташаа мэдээлэл их явсан. Тус төслийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байсан. Харин одоо нийслэлийн удирдлагуудтай тохиролцож, төслийг үргэлжлүүлэхэд санал нийлж, хэлэлцүүлэг хийсний хүчинд бид төслийг үргэлжлүүлэхээр болсон. Хоёрдугаар ээлжийн төслийн бүтээн байгуулалтын хүрээнд дотор байгууламжийн тоглоомууд, урлагийн байр, үйлчилгээний газрууд баригдана. Хамгийн гол нь Монголчууд, тэр дундаа Улаанбаатар хотын иргэд жилийн дөрвөн улирал үйлчлүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх томоохон цогцолбортой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Өнгөрсөн хавар хашааг нь буулгасан 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах шийдвэр гарлаа. Одоо хэр нь хүмүүсийн хувьд барилга, байгууламж барих вий хэмээн болгоомжлон харж байсан сул чөлөөтэй талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах нь тодорхой боллоо. Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгээс гадна битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. Мөн хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөжээ.
“Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд ҮСАХ, олны нэрлэдэг Хүүхдийн паркийг шинэ өнгө төрхөөр нийслэлчүүдэд эргэн ирэх боломж олгосон шийдлийг Хотын дарга болон хөрөнгө оруулагчид гаргаж, НИТХ шийдвэр гарган баталгаажуулсныг Нийслэлийн засаг даргын зөвлөх онцоллоо.








Parkiig idsen golomtiin Bayasgalangiin suganii us yaj parkiig goe bolgohov dee. Uldsen umgar gazar deer n joohon nud huursan ium hiine l biz ed nar.