Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон бага насны хүүхдийг эсэн мэнд олжээ.  

Увс аймгийн Улаангом сумын наймдугаар баг, Бага нуур гэх газарт гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хоёр настай хүүхдийг хайж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Бага нуур” гэдэг газарт гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.18-ны өдрийн 20:50 цагт хүлээн авчээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн  09.18-ны өдрийн 21:10 цагаас эхлэн эрлийн ажиллагааг зохион байгуулсан байна. 

Тэгвэл охиныг алга болсон гэх газраас найман километрийн зайд орших "Шат" гэх газраас өнөөдөр 10:20 цагт Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан олсон байна. 

Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд гэр бүлийнхэнд хүлээлгэж өгчээ.