Монголын эмэгтэйчүүдийн холбооноос умайн хүзүүний болон хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ нийгмийн зорилтод төслийг санаачлан зохион байгуулж буй. Төслийн эхний хэсэг Говь-Алтай аймагт хэрэгжиж, төслийн багийнхан эхний 9 суманд ажиллаад иржээ. Төслийн хэрэгжилт болоод үр дүнгийн талаар МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл  АЛТАЙН МЭДЭЭ АГЕНТЛАГ-т ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагыг товчлон хүргэе.


- МЭХ-ны Хавдаргүй Монгол эмэгтэй төсөл Говь-Алтай аймгаас эхэлсэн. Төслийн багийнхан эхний 9 суманд ажиллаад ирлээ. Төслийн үр дүнгийн талаар хуваалцаач.

- МЭХ-ны “Хавдаргүй Монгол эмэгтэй” төслийн 22 хүний бүрэлдэхүүнтэй баг 11 хоногийн турш 9 суманд ажиллалаа. Маргаашаас эхлээд аймгийн төв дээр үзлэг, оношлогоо хийгдэнэ. Нийтдээ давхцсан тоогоор 2901 эмэгтэйд үзлэг хийлээ. Бараг нэг сумын хүн амын дайтай эмэгтэйчүүдэд үзлэг оношлогоо хийж чадсан байна. Үүнээс умайн хүзүүний үзлэг 835, хөхний эхо 796, бэлгийн замын халдвар өвчний тест 644, дотрын үзлэг 626, умайн хүзүүний эсийн шинжилгээ 97 хүнээс авсан байна. Ер нь үзлэг оношлогооны хувьд үр дүнтэй байлаа. Ялангуяа манай төсөлд малчин эмэгтэйчүүд цөөнгүй хамрагдсанд ихээхэн олзуурхаж байна. Түүнчлэн Хилийн цэргийн 0216 дугаар ангийн бүх заставын эмэгтэйчүүдийг 100 хувь төсөлдөө хамрууллаа.

- Бид эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна мэргэжил сонголт, ялгаварлан гадуурхалт зэрэг сэдвээр нийт 2000 гаруй өсвөр үеийнхэндээ лекц сургалт орсон байна. Мөн насанд хүрсэн 1800 гаруй эмэгтэйчүүдэд сургалт хийж, мэдлэг олгосон.


НАНДИН ХАЙРЦАГ ӨСВӨР ҮЕИЙНХЭНД БЭЛГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОНО

- Сумдад ажиллахдаа өглөөний 07 цагаас эхлэн Эрүүл зөв амьдрал- Эрүүл зөв хөдөлгөөн сэдвээр зумба фитнессээр ажлаа эхлүүлдэг. Үүний араас лекц, сургалтууд үргэлжилж, үзлэг оношлогоо хийх зэргээр цогц үйл ажиллагаа зохион байгуулаад явсан. Зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүддээ сургалт ороод зогсохгүй сумдын эмч нарыг сургалтад хамруулж, дараагийн шатны сургалтыг Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн.

- Төслийн хүрээнд сумдын сургуулийн дотуур байранд “Нандин” гэх нэртэй хайрцагыг байршуулж байгаа.  Энэ бол дөнгөж сарын тэмдэг нь ирж байгаа гэр бүлээсээ хол байгаа охидуудад зориулсан ариун цэврийн хэрэглэл бүхий хайрцаг. “Нандин” хайрцаг цаашдаа БЗХӨ-нөөс эхлээд эмэгтэйчүүдийн бусад төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлгийн боловсрол олгоход ихээхэн чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.


ЦЭЭЛ СУМАНД 440 ГАРУЙ ЭМЭГТЭЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНД ХАМРАГДСАН

- Төслийн талаарх мэдээлэл сумдын эмэгтэйчүүдэд хэр хүрсэн байна вэ. Эмэгтэйчүүд хэр идэвхтэй хамрагдав?

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг 330 суманд салбар зөвлөлтэй. Тиймдээ ч Говь-Алтай аймгийн сумдын салбар зөвлөлүүд нэлээд идэвхтэй ажилласан. Хамгийн идэвхтэй хамрагдсан нь Цээл сум байлаа. 440 гаруй эмэгтэйчүүд үзлэг, оношлогоонд хамрагдсан. Бүр зарим сумдын малчин эмэгтэйчүүдийг нөхрүүд нь мотоциклиор ээлжилж зөөж хүртэл дэмжиж байсан. Ер нь сумдад дунджаар 240 дээш үзлэг, оношлогоо хийгдсэн нь бага тоо биш.

- Сумдад эхо аппарат байдаг ч ажиллуулж чадах боловсон хүчин дутмаг. Тиймээс энэ тал дээр эмч нараа мэргэшүүлэх асуудлыг сумдын удирдлагууд хэлж байна. Иргэдийн хувьд соён гэгээрлийн ажлууд үнэхээр хэрэгцээтэй байна. Өнгөрсөн хоногуудад ихэвчлэн сумдын сургуулийн дотуур байранд байрласан. Сургуулийн 00 болон халуун усны асуудал хүндрэлтэй гэдэг нь харагдаж бас мэдрэгдэж байлаа.


ЭСИЙН ШИНЖИЛГЭЭНЭЭС ДАХИН ХАВДАР ИЛРЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ

 - Зарим суманд эмэгтэйчүүдийг жирэмснээс хамгаалах, дааврын эмчилгээг хуучны арга барилаар оношлодог, эмчилдэг тохиолдол байна.

- Үзлэг оношлогооны явцад хөхний хоргүй хавдар нэлээд илэрсэн. 40-50 эмэгтэй үзүүлэхэд 10 хувь хоргүй хавдартай байх жишээний. Маш олон төрлийн хөхний хоргүй хавдар байдаг. Тиймээс эдгээр эмэгтэйчүүд ямар хавдар нь вэ, цаашид нэмэгдэх хандлагатай эсэхийг хянуулах шаардлагатай. Төслийн явцад умайн хүзүүний болон хөхний 6 хортой хавдар илэрсэн. Умайн хүзүүний 97 эсийн шинжилгээ хийсэн. Эдгээр шинжилгээнээс хадвар дахин гарахыг үгүйсгэхгүй. Үүний зэрэгцээ ургацаг, болон хоргүй хадвар зэрэг  маш олон мэс  ажилбарууд хийгдсэн. Зарим эмэгтэйчүүд спиралиа авахуулсан, зарим нь шинээр тавиулсан.


ЗӨВ ЗОРИЛТОД БҮЛЭГ РҮҮГЭЭ АНХААРЧ БАЙГААГАА СУМ БҮРТ ОЙЛГОЖ, МЭДЭРЧ ЯВЛАА

- Хөхний хавдар, хөхний оношлогоог үндэсний хэмжээнд буюу сумдуудад хийж байсан түүх байхгүй. Үзүүлж байгаа эмэгтэйчүүдийн 10 хувь нь хоргүй хавдартай байгаа нь энэ төрлийн үзлэг оношлогоог явуулах хэрэгцээ болон шаардлага байна гэдэг нь харагдаж байна. Эмэгтэйчүүд өдөржингөө оочерлож, хоёр эмч маань цай уух завгүй ажиллахад нэг өдрийн дотор 116 хүнийг үзэж байсан. Ямартай ч бид өөрсдийн байгаа боломж нөөцөө тултал ажилласан, ажиллаж ч байна. Цагийг ч  мөн бүрэн ашиглаж байна.

- Энэ төслийг би өөрөө санаачилсан. Төслийг хэрэгжүүлэх явцдаа үнэхээр зөв газраа, зөв зорилтод бүлэг рүүгээ анхаарлаа хандуулж байгаагаа дээрх 9 суманд ажиллах явцдаа ойлгосон.


МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Говь-Алтай аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б. Энхнаран: 

- Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн өөрийн биеэр, Удирдах зөвлөлийн гишүүд болон Соёлыг түгээгч, Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар манай аймагт ажиллаж байгаад үнэхээр их баяртай байна. Энэ бол маш том хөрөнгө оруулалт. Эдгээр хүмүүстээ хүч нэмэх зорилгоор аймгаас 11 хүний бүрэлдэхүүнтэй баг нэгдсэн. Эдгээр хүмүүсийн зардлыг Аймгийн Засаг даргын Тамгын газар даасанд талархаж байгаагаа илэрхийлж байна. Мөн сумдын Засаг даргын Тамгын газрууд идэвхтэй оролцлоо. Зарим сумдын эмэгтэйчүүдийн 70 хувь нь малчин эмэгтэйчүүд байсан нь төслийн гол зорилгыг ихээхэн нэмэгдүүлсэн. Дараа дараагийн сумд ялангуяа малчин эмэгтэйчүүдээ түлхүү үзлэгт хамруулах тал  дээр анхаараасай гэж хүсэж байна.