Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд галт тэрэгний осол гарчээ. Тодруулбал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэг замаасаа гарч, 14 воган унасан байна. Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсний улмаас осол болжээ. Мөн галт тэрэгний машинистуудын хоёр нь согтуу байсан Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдэгдлээ. Тус галт тэргээр Ханги-Мандал чиглэлийн төмөр замын ажилд ашиглах эд зүйлсийг ачиж явжээ. 

С.Бямбацогт: 

- Монголиан транс ложистик буюу "Болдтөмөр ерөө гол" ХХК-ийн  вагон өнгөрсөн шөнө  Зүүн-баян өртөөгөөс 75 км-ын зайнд Хулангийн шанд зөрлөг дээр осол гаргасан. 23.30 цагийн үед хөдлөөд 00.20 минутын орчим осол гарсан байна. Нийт 17 вагон явж байснаас 14 вагон нь замаас гарч унасан. Вагонд гурван хүн явсан, одоогийн байдлаар биеийн байдал гайгүй. Ослын шалтгааныг тодруулахаар Зам тээврийн яам болон "Болдтөмөр ерөө гол" ХХК, Монголын төмөр зам ХК-ийнхан хамтарч ажиллаж байна.

- Урьдчилсан байдлаар галт тэрэг хурд хэтрүүлсэн, машинст нь согтуу байсны улмаас гарсан гэх дүгнэлт гараад байна. 

-  Монгол Улс сүүлийн үед олон төмөр замтай болсон. Эдгээр төмөр замуудыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах зайлшгүй шаардлага тулгарч байна. Монголын төмөр зам Төрийн өмч, бодлого зохицуулалтын газар харьяалагддаг бол Зүүнбаян-Тавантолгой Эрдэнэс тавантолгой ХК-ийн мэдэлд байдаг бол "Болдтөмөр ерөө гол" ХХК-ийн хувийнх. Өөрөөр хэлбэл төмөр замын бодлого зохицуулалт, нэгдсэн удирдлага алдагдсан. Үүнээс улбаалж, сахилга дэг журам, хариуцлагын тогтолцоо алдагдсан байна гэж үзэж байна. Өчигдрийн гарсан осол бол "Болдтөмөр ерөө гол" ХХК-ийн хариуцлагагүйн үйлдэл.