"Бодь интернэйшнл" группийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан мэдээлэл хийлээ.  Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын шийдвэрээр ЭТТ ХК-д холбогдох оффтейк гэрээнүүдийг ил болгосон. Үүнд Гашуунсухайт чиглэлийн болон Богдхан төмөр замыг "Бодь интернэйшнл" ХХК-ийн гүйцэтгэлээр барих хэд хэдэн гэрээ багтсан билээ. Түүний мэдээллийг товчлон хүргэе.

Д.БАЯСГАЛАН:

- 2008 онд буюу одоогоос 14 жилийн өмнө  Засгийн газрын 252 дугаар тогтоолоор "Энержи ресурс"-д концессын эрхийг өгсөн. "Энержи ресурс" бүх бэлтгэл ажлаа хийж явсаар 2012 оны 5 дугаар сарын 9-ны өдөр концессын гэрээгээ байгуулж, төмөр зам барих төслөө эхлүүлсэн. 

- 2008 оны анхны зөвшөөрөл С.Баярын ЗГ-ын үед, 2012 онд Сү.Батболдын үед гарсан байдаг. Харин Н.Алтанхуяг гарч ирээд концессын гэрээг цуцалж, төрийн өмчийн компани болох "Монголын төмөр зам" руу шилжүүлсэн. "Монголын төмөр зам" компани "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээр хийж, нөхөн төлбөр олгосон. Хөгжлийн банкнаас 400 гаруй сая ам.долларын санхүүжилт аваад эхний 200 гаруй сая ам.долларын санхүүжилт авч, ажлыг үргэлжүүлсэн. Ингэхдээ МТЗ компани шинээр тендер зарлаагүй. Сонгосон байсан "Самсунг" компанитай үргэлжлүүлэн ажилласан.  "Энержи ресурс"-ийн хийсэн ажлыг нь үргэлжлүүлсэн. 

- Төсөл 2014 оны сүүлээр санхүүжилтгүй болж зогссон. Хууль хяналтын байгууллага хэрэг үүсэж, 2015 оны эхээр төсөл бүрэн зогссон. 210 км гаруй суурь бүтцийн инженерийн байгууламжийг барьсан байсан. 

-  Дараа нь Ч.Сайханбилэгийн ЗГ-ын үед гадаадын компанитай хамтарч хийх ёстой гэж үзээд захирамж гаргаад Ажлын хэсэг байгуулсан. 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр УИХ-аас Ажлын хэсэг гарч, БНХАУ-ын "Шинхау Энержи" компанитай байгуулах гэрээ нь МУ-ын эрх ашигт нийцэхгүй байна гээд гэрээ нь гэрээ цуцлагдсан. Улмаар төсөл 5 жил буюу  2019 он хүртэл таг зогссон.

- Төмөр зам барих 200 гаруй сая ам.долларын 76 сая ам.доллар нь улсын төсвөөс гарсан. Үүний 74 -ийг нь  "Энержи ресурс"-т нөхөн төлбөр болгож өгсөн.  200-г нь "Самсунг" компанид өгч, зарцуулагдсан.  "Энержи ресурс"-ийн гэрээгээр ажиллаж эхлээд байсан "Самсунг" компанийн удирдлагуудыг нь 512 хоног саатуулж, бүх туслан гүйцэтгэгч нарынх нь ажлыг нь шалгасан. 2018 онд "Самсунг" компанийн удирдлагуудыг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр 40 сая төгрөгөөр торгоод явуулсан байдаг.  

- 2019 онд Австралийн АЕCOM компанийн ТЭЗҮ 1 тэрбум 68 сая ам.доллараар батлагдсан. Энэ ТЭЗҮ-гээр Самсунг ажлаа үргэлжүүлсэн ч захиалагч нь МТЗ болж өөрчлөгдсөн. Тиймээс манайхтай  өмнө нь гаргасан 274 сая төгрөгийг хасаад, зөрүү 792 сая ам.доллараар манайтай гэрээ байгуулсан.  Дуусгаж өгөөч гэж гуйсан. 

- Өөрөөр хэлбэл бид 2019 оны сүүлээр гэрээ байгуулахдаа 2013 оны  долоон жилийн өмнөх ТЭЗҮ-ийн үнээр байгуулсан. Анхны ТЭЗҮ хилээс 37 км-ын наана байсан. Дараа нь  Дэд бүтцийн яам болон захиалагч талаас нэмж 80 км-ын төмөр зам барина гэж 213 сая ам.долларын ажил өгсөн. Нийт манай төслийн өртөг 1 тэрбум 5 сая ам.доллар. Нийт зургаан багц ажилтай. Төмөр зам дангаараа 474,2 сая ам.доллар буюу 1 км төмөр замын барих өртөг 1 сая 460 мянган ам.долларын өртөгтэй. Бүх зүйл баримтаар нотлогдоно. 

- Бид нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам барьсан. Харин ч хямд зардлаар төмөр зам барьсан. Захиалагч нь Тавантолгой төмөр зам ХК.

- Хоёрдугаарт, нүүрсний гэрээний асуудал бий. Манай компани 30 сарын дотор төмөр зам барьж дуусгах даалгавар өгсөн. Төмөр замын ажил эхлэх гэж байхад Дарханы зам эхэлчихсэн байсан. 

- Гэвч санхүүжилтээ 60 сарын дотор мөнгөө авах шаардлага тавьсан. Бид ажлыг хүлээж авсан. Ингээд 15 хувийг нь урьдчилгаа болгож аваад, үлдсэнийг нь нүүрсээр өгөх шаардлага тавьсан.

-  2019 онд улс орны нөхцөл байдал хүнд байсан. ЭТТ ХК гадаадаас санхүүжилт босгох гээд чадаагүй. Ази, Америк гээд хөрөнгө босгох гэсэн ч амжилт олоогүй. Дотоодоосоо ч  мөнгө босгох гээд бас чадаагүй. Цорын ганц бололцоо нь нүүрсээ л өгөх байсан. Ийм учраас нүүрсний гэрээ рүү орсон. 

- ЭТТ яагаад мөнгө босгож чадаагүй вэ гэхээр энэ компанид олон улсын аудитын тайлан байдаггүй. Одоо ч байхгүй. Зээлжих зэрэглэлээ огт хийлгэж байгаагүй. 

- 2019 онд анх 60 ам.долларын нүүрсний гэрээ хийсэн. Энэ үнийг индексээр гаргасан. Нүүрсний үнэ улирал тутам өөрчлөгддөг. Манайхаас хямдаар нүүрс авдаг БНХАУ-ын худалдан авагчид ч бий. Гэхдээ бид хамгийн хямдхан нь биш. ЭТТ ХК улирал тутам нүүрсний үнээ зарладаг ч энэ үнээ хэзээ ч мөрдөггүй. Нүүрсний үнийн хөнгөлөлт амьдрал дээр хэрэгждэггүй. 

- Гэрээг төрийн нууцаас гаргасан. Нийт 7 төслийг нууцаас гаргасан. Манайд 4 гэрээ байгаа. Санхүүжилт болон нүүрсний гэрээ нь угтаа нь нэг гэрээ юм.  

1. Гашуунсухайтын төмөр зам

2. Богдхан төмөр замын түнэл. Энэ төсөл царцчихсан.  Гэтэл бусад гэрээнүүдийг ЗГ ил болгочихсон хэр нь ил болгоогүй байна. 

- Одоо манай төсөл 82 хувьтай. Нээлтээ хийсэн, өдөр бүр нүүрсний тээвэр явж байна. Гэвч өнөөгийн байдлаар бүрэн дуусах эсэх нь эрсдэлтэй байна. Нүүрсээ хямдхан аваагүй, зах зээлийнхээ үнээр авсан.