Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газраас цахимаар удирдан зохион байгуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 21 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд “Шарилжгүй Улаанбаатар” аяны нэгдүгээр үе шатанд 1.9 сая ам метр талбайн 777 тонн шарилж, луулийг, хоёрдугаар шатанд 1.8 сая ам метр талбайн 887 тонн хөл газрын ургамлыг цэвэрлэжээ.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ долоо хоногийн хугацаанд 144 км замын цэвэрлэгээ, үйлчилгээнд зам талбайн 200 үйлчлэгч 20 орчим машинтай ажиллаж, 173 тонн хог хаягдал, шороог ачиж тээвэрлэсэн байна. Түүнчлэн 3000 метр урт хайс, хашлага, мөн нүхэн гарцыг угааж, 51 мянган ам метр талбайн хөл газрын ургамлыг устгаж цэвэрлэжээ.

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 16 байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, давс, бодисын нөөцийг бүрдүүлж, тусгай машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ дагуу 658 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс биелэлт 78 хувьтай байна. Нийт 6056 тонн бодис, 6235 тонн давс нөөцлөхөөс өнөөдрийн байдлаар 3025 тонн давс, 721 тонн бодис нөөцлөөд байгаа юм. Есдүгээр сарын 30-ны дотор бүрэн нөөцөлж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хотын дарга өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, давс, бодисоо сайтар нөөцлөхийг анхааруулав.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!