Зарим хүүхдүүд "баяртай" гээд үлдэж байхад хэсэг нөхөд нүд дүүрэн нулимс унагааж хамаг чадлаараа цурхирч өгдөг дөө. Энэ бол хэвийн байх зүйл л дээ. Бид ч шинэ ажилд орохдоо шууд инээж хөөрөөд яриад эхэлдэггүй биз дээ. Тиймээс аль болох шинэ орчинд аажмаар дасгасан байх хэрэгтэй. Тухайлбал, ах эгчийг нь цэцэрлэг сургуулиас авах үед дагуулж яваад шинэ сурсан зүйлийг нь хамтдаа ярилцаж цэцэрлэг, сургууль гэж ямар газар байдаг талаарх эерэг ойлголтыг төрүүлээрэй.
- Шинэ орчинд очсон эхний хэд хоногт (7 хоног орчим) өөрийнх нь хамгийн хайртай тоглоом, алчуур гэх мэт эдлэлийг нь өгч явуулж байгаарай. Хүүхэд ханьтай байгаа мэт дотно мэдрэмжтэй тайван байхад дэм болдог.
- Хүүхэд овоо чимээгүй гүйгээд орох ч юм уу, дуу муутай орсон аль ч үед аав ээж нь маш итгэлтэй шийдэмгий өнгөөр цөөн үгээр амжилт хүсээд хэдийд ирж авахаа тодорхой хэлээд удаж түвдэлгүй шууд гараарай. Зугтааж гарч болохгүй, уйлж байсан ч амжилт хүсээд удахгүй ирэх тухайгаа хэлээд гарна. Аав ээж нь итгэл муутай, явж ядаад айсан шинжтэй байвал хүүхэд таны биеийн хэлээс шууд ойлгоод уйлж, ундууцаж, айж эхэлдэг шүү.
- Хүүхдийг цэцэрлэг, сургуульд орохоос өмнө өөрт нь тохирсон ажлыг бага багаар хийлгэж биеийг нь даалга. Мөн сургалтын, тоглоомын газар бага хугацаагаар үлдээж аажим аажмаар шинэ орчинд ганцаараа үлдэж сурахад дасгаарай.
Дахин сануулъя. Аав ээж өөрсдөө итгэлтэйгээр, баяр хөөртэйгөөр шинэ орчинд үлдээж сураарай. Зууралдаад байдаг ээжүүд мэр сэр бий, энэ үеүдэд нь л биеийг нь даалгаж, итгэж үлдээж чадахгүй бол үргэлж зууралддаг болно шүү.
Г. Төмөрзаяа (Хөөрхөн Шар Шувуу сургалт судалгааны төвийн захирал)
Эх сурвалж: Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв "Хөөрхөн Шар Шувуу"








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!