Хууль зүй, дотоод хэрэг, аюулгүй байдлыг хангах салбарын хүний нөөцийг 89 жилийн турш тасралтгүй бэлтгэж ирсэн Цэргийн болон Байлдааны гавьяаны одонт Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр (2023.09.01) ёслол төгөлдөр боллоо.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл, ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Билгүүн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Намсрай болон Их сургуулийн Захирлын зөвлөлийн гишүүд, багш, ажилтан, албан хаагч, сонсогч, суралцагчид оролцов. Энэ үеэр Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Их сургуулийн эрдмийн хамт олонд баяр хүргэж үг хэллээ.

Тэрбээр, “Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа 89 жилийн баялаг түүхт Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн баярын чин сэтгэлийн мэндийг өргөн дэвшүүлье.
Хууль зүй, дотоод хэргийн яам нь Дотоод хэргийн их сургуулийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн төрийн өмчит их сургуулийн бие даасан байдлыг хангах, судалгаанд суурилсан эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн хэв шинж бүхий Азийн тэргүүлэх их сургуулийн жишигт хүрэхүйц хотхон хэлбэрээр хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлээд байна.
Энэ хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилээс Спорт албаны сургалтын байгууламж, Хилийн албаны сургууль, Оюутны дотуур байр, танхимын бус сургалт явуулах орчин бүхий сургууль, Шинжлэх ухаан инновацын төвийг үе шаттайгаар барьж байгуулахаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснийг хичээлийн шинэ жилийн эхний өдөр сонордуулахад таатай байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрх зүйн шинэтгэл II” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт халдлагыг бууруулах чиглэлийн мэргэжлийн мөрдөгч нарыг бэлтгэх зорилгоор энэ хичээлийн жилээс тус Их сургуульд “Кибер гэмт хэрэг судлал” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, анхны элсэлтийг авч, өнөөдрөөс сургалтыг эхлүүлж байна.
Шинэ сэргэлтийн бодлого, эрх зүйн шинэчлэлийн энэ цаг үед “Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, авлига, хүнд сурталгүй, амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлооход эрдэмтэн багш, албан хаагчид, эх орны гэрэлт ирээдүй болсон сонсогч, сурагчид та бүхний мэдлэг боловсрол, хичээл зүтгэл туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна” гэж хэллээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн:

- Аливаа улсын дотоод хэрэг болон аюулгүй байдал улс үндэстний тогтвортой байдлын үндэс юм. Иймд манай улс батлан хамгаалах болон дотоод хэргийн салбарын сургуулиуддаа төрөөс онцгой ач холбогдол өгч анхаарал хандуулдаг. Оюутан залуус та бүхэн суралцах хугацаандаа тухайн чиглэлдээ мэргэшиж чадвартай болох төдийгүй ажил хөдөлмөрийн чанд сахилга бат, өндөр ухамсартай иргэн хүн болж төлөвшихийг УИХ-ын гишүүний хувьд, эцэг хүний хувьд, эмч хүний хувьд зөвлөж байна” гэв.
Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар:
“Эрдмийг дээдлэгч Их сургуулийнхаа нийт бие бүрэлдэхүүнд 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Дотоод хэргийн их сургууль нь Азийн тэргүүлэгч Их сургуулийн жишигт хүрэх алсын зорилтоо хэрэгжүүлэх үүднээс 2022-2023 оны хичээлийн жилд багш, суралцагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж, сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэчлэх, материаллаг баазыг бэхжүүлэх ажлыг шинэ шатанд гаргахаар зорилго дэвшүүлэн ажиллаж тодорхой үр дүнд хүрлээ.

Энэ хичээлийн жилд Их сургуулийн түүхт 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан төсөвт багтаан шуурхай барьж ашиглалтад оруулах, албан хаагч, сонсогч, суралцагчдын бие бялдрыг хөгжүүлэх, сургалт, судалгааны ажлыг чанаржуулан, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэж байна” гэж хэлэв.
Энэ жил Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд 440 гаруй, Хилийн албаны сургуульд 140 гаруй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуульд 120 гаруй, Онцгой байдлын сургуульд 90 орчим, Эрх зүй, нийгмийн ухааны сургуульд 60 гаруй, Шинжлэн магадлахуйн институтэд 20 орчим, Ахисан түвшний боловсролын сургуулийн магистрын хөтөлбөрт 130 гаруй, докторын хөтөлбөрт 40 орчим, Ахлах сургуульд 100 орчим суралцагч элсэж, эрдмийн их өргөөнд мөр зэрэгцэн суралцахаар болсон юм.
Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхаж, 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн мөнгөн хонх цуурайтсанаар багш, сонсогч, суралцагчид хичээлдээ орлоо.
Хичээлийн дараагаар Сургалтын бодлого, төлөвлөлтийн газар, Суралцагчийн хөгжлийн төвөөс шинэ элсэгчдийг Их сургуулийнхаа сургалтын орчин, нөхцөлтэй танилцуулах чиглүүлэх сургалтыг зохион байгуулав.
Тус сургалтын хүрээнд шинэ элсэгчдэд оюутны үнэмлэх, цахим карт хэрхэн захиалах, оюутны зээлийн сан, буцалтгүй тусламж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах, “Сонсогч, оюутны холбоо” болон Их сургуульд хичээллэж буй клуб, дугуйлан, секцүүдэд элсэх зэрэг хэрэгтэй мэдээллийг хүргэлээ. Түүнчлэн тусгай маршрутын дагуу буудлагын тийр, компьютерын лаборатори, спорт заал, номын сан, музей, клиник анги, усан бассейн зэрэг сургалтын орчинтой танилцах аяллыг зохион байгуулав. Дотоод хэргийн их сургуулийнхаа нийт бие бүрэлдэхүүнд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэхийн ялдамд сонсогч, суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.
































Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!