Нийслэл нийтийн тээвэртээ шинэчлэл хийж, автобус худалдаж авч буй. Гэвч тухайн худалдан авалтыг улсын нууцын зэрэглэлд оруулсан нь  олны анхаарал татсан. Энэ талаар  НЗДТГ-ын дарга И.Баатархүү "Энэ онд 318 тэрбум төгрөгийг автобусанд зарсан боловч орж ирээгүй байгаа. Худалдан авалтыг улсын нууцын зэрэглэлд оруулсан. Үндэслэл нь иргэдийн аюулгүй зорчих нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл НЗДТГ-аас автобусны хуралдан авалтын үнийн задаргааг гаргажээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Засгийн газар 2022 онд Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэгслийн насжилтийг үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох тухай үүргийг өгсөн.

Өнөөдөр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын бүртгэлийн санд 1328 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Нийтийн тээврийн үйлчилгээ түүнд тавигдах шаардлага стандартад тээврийн хэрэгслийн насжилтийг 10 жил болгосноор 753 тээврийн хэрэгсэл хасагдах болсон.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдэж буй Daewoo маркийн Euro5 дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус 336,0 сая төгрөг, Skywell маркийн цахилгаан 254 клв бүхий их багтаамжийн автобус 625.0сая төгрөг, Hyundai County маркийн дизель хөдөлгүүртэй дунд багтаамжийн автобус 228.0 сая төгрөгийн үнэтэйгээр гэрээ хийгдэж нийлүүлэгдэж байгаа.

Гэтэл бид Тендерийн тухай хуулиараа худалдан авалт зохион байгуулсан бол 90 хоног цаашлаад маргаан гарч шүүхдвэл маш их хугацаа орж, иргэд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн тээврээр зорчих болж байгаа юм. Тиймээс бид хуулийн гаргалгаа хайж, төрийн нууцад оруулбал хугацаа хожих юм байна гэдгийг хуулийн багийнхан ажиллаж, санал оруулснаар бид ийм шийдэл гаргасан. Өмнөх автобус худалдан авалтын жишээнүүд ч байна" хэмээх тайлбарыг өгсөн байна.