Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Монголоо өрнөөс гаргана гэсэн том амбицтай байгаагаа яриа бүртээ хэлж яваа. Намынхаа 15 дэд, 22 улс төрийн зөвлөлийн гишүүдээ хөрсөн дээрээ ажилла гэж хөдөөд хөөж явуулаад байгаа тухай мэдээ намынх нь албан ёсны пэйжээр зогсоо зайгүй орж байдаг. Харин хотод хийцгүйрэх, сандал ширээ мөрөөдсөн гишүүд нь “Огцруулна” гэж шантааж хийх нь Тусгаар тогтнолын ордоны гадаах МАН-ын хагарлын хажууд бол Ардчилсан нам доторх мөнхийн, хэвийн, энгийн байдаг л үзэгдэл юм даа.

УИХ-ын сонгуульд хоёр дараалан ялагдаж, тоосоо гөвүүлсэн АН-ын хувьд долоохон сарын дараа болох сонгуульд ахин өвдөг шороодож болохгүй гэдгээ одоо ухаараач өчүүхэн амин хувийн үзэл тээгчдээ гэж загнаж бүр зодмоор болох. Хэрвээ ирэх УИХ-ын сонгуульд ялагдвал АН бүрмөсөн арчигдана. Ингэвэл Монгол улс ямар байдалд орох бол, айдас хүйдэс цаашаа...

Эрх баригч хүчин МАН үнэмлэхүй олонхиороо засагласнаар хүний эрх зөрчигдөхөөс эхлээд аж ахуйн нэгжүүд өмчөө булаалгах зэргээр ардчилсан нийгэмд газар авахуулж болохгүй хуулиар дарангуйлсан үйлдлүүд гарсаар байхад намын даргатайгаа л үзээтэй. Одоо ингэх цаг мөн үү эсвэл эрх баригчдын захиалга уу...

2016, 2020 оны УИХ-ын сонгууль дөтөлсөн үед АН-ын гишүүд өнөөдрийнх шиг л хувийн улс төр, амбиц хөөснөөсөө болж, хэдэн хэсэг хуваагдаж, хүчгүйдсэн. Энэ алдааг дахиж давтах уу. Нам дотроо бүлэг, фракц байгуулж, Л.Гантөмөрийнхөө эсрэг ажиллана гэж сүгсэлзэхээсээ өмнө өнгөрсөн сонгуулиудад юунаас болж, АН ялагдсанаа сайн тунгаацгаа, Ардчилсан намынхаан.

Өнөөдөр дотооддоо хэрэлдэж, уралцах биш эв нэгдлээ хангаж, эрх баригчдын хулгай луйвартай тэмцэх нь хамгаас чухал байна. Ард түмэн ч үүнийг хүсэмжилж байна.