Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2024.01.19) хэвлэлийн бага хурал хийж, 2023 онд гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо өнгөрсөн онд нийт 10 удаа хуралдаж, 14 сэдэв асуудлын хүрээнд байнгын хорооны 5 тогтоол баталж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 109 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоол батлуулжээ.


 ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙГ ХОРОО, СУМЫН БАЙРАНД БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ

- Эдгээр хуулийн өөрчлөлтийг дагаад УИХ-ын тогтоол батлагдсан тус тогтоолоор төрийн үйлчилгээний “Хурдан” цэгүүдийг нийслэлд хороо бүрт, орон нутагт сумын байранд байгуулахаар болсон. Ингэснээр иргэн өөрийн оршин суугаа байршилд хамгийн ойр газраас төрийн үйлчилгээг бүрэн авах боломж бүрдэж байна.  “Хурдан” систем нь төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлж байгаа. Ямар нэгэн орон тоо нэмэхгүй, төсөв шаардахгүйгээр хийхээр Инновац, цахим бодлогын байнгын хороо ажиллаж байгаа. 

 “И-БАРИМТ”-ЫГ ЦААСГҮЙ, АВТОМАТААР БҮРТГЭГДЭХ СИСТЕМИЙГ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД НЭВТРҮҮЛЖ БАЙНА

- ИЦББХ-ны тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр үүрэг өгч ажилласан. Үүнээс онцолбол НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж, автоматаар хэрэглэгчийн системд шууд бүртгэдэг шийдлийг нэвтрүүлэх чиглэлийг өгч, ажил идэвхтэй үргэлжилж байна. 2023 онд нийт бүртгэгдсэн баримтын 20 орчим хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг цаас хэвлэхгүйгээр хэрэглэгчийн системд шууд оруулсан байна.  Харилцаа холбоо, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, сөх, цахилгаан гэх мэт тогтмол хэрэглээний төлбөрүүдийн баримт системд шууд бүртгэгддэг болсон бол “Номин”, “CU”, “GS-25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд, мөн “UB CAB”, “Shoppy”, “Jet scooter” зэрэг хэрэглэгчдийн өдөр тутмын үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд нэгдээд байна. 

БАЙНГЫН ХОРООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН УУЛЗАЛТУУД

- Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүд цахим хөгжлийг дэмжих чиглэлээр баталсан хууль тогтоомжийг сурталчлах, мэдээлэл солилцох, чиглэл өгөх зорилгоор 13 уулзалтыг зохион байгуулж ажиллалаа. Монголын хөрөнгийн бирж, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, И-Монгол академи, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн төв гэх мэт.  Мөн Мэдээллийн технологийн үндэсний парк, Улаанбаатар инновацын төвүүдэд ажиллаж мэдээллийн технологийн салбарын гарааны бизнес эрхлэгчдийн олон улсын хөрөнгө оруулагчидтай танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гарааны бизнесийг дэмжих бодлогын дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.