Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар ажлаа хүлээлгэж өгснөөсөө хойш саяхан ам нээсэн. Ингэхдээ түүнийг онхолдуулсан "ногоон автобус"-ны ярихдаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг холбоотой мэтээр мэдэгдсэн билээ. Ингэхдээ “2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй сайд нар Ерөнхий сайдыг дагуулаад "Эрдэм транс", "Тэнүүн-Огоо", Төрийн өмчит Цахилгаан тээвэр, Автобус-3 гэсэн аж ахуйн нэгжүүдээр орсон. 

Тэр үед төрийн өмчит үйлдвэрүүдийн байдал муу байна, хувийн хэвшил амжилттай байгаа тухай ярьсан. Дараа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын өрөөнд Ажлын хэсэг байгуулагдаад 4-5 удаагийн хурал болсон юм билээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийг хувийн хэвшилтэй консерциум болгож нэгтгэх ажлыг хийх гэж байсан. 

Тэгэхээр, хэн чиглэл өгсөн бэ гэж...таны асууснаар бол магадгүй Д.Амарбаясгалан гэж би бодож байна. Магадгүй Үндэсний хороон дарга/Ж.Сүхбаатар/ нь ч байж магад. Мэдээж хууль хяналтын байгууллага тодруулах байх” хэмээн мэдэгдсэн. 

Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхдөө энэ талаар байр сууриа илэрхийлжээ.  Тэрбээр “Ногоон автобусны хэрэг өнгөрсөн намар ил болсон. Хотын дарга асан Д.Сумъяабазар надад уурлаж, гомдоод байгаагийн шалтгаан нь автобусны асуудлыг ил болгочихлоо гээд өнөөдрийг хүртэл дургүйцэлтэй хандсаар байна. Д.Сумъяабазарын яриаг сонсоод нар баруунаас мандах нь дээ гэж бодогдсон. Нүдийг нь боож, чихийг нь бөглөж, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад хуучин автобус авчирч өгсөн болгох гэж байна. Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм шүү гэж хэлмээр байна” гэв.