Чиний эрх, миний эрхээр хязгаарлагддаг гэдэг. “Хүний эрх гэдэг бол бусдын сонголтыг хүндэтгэх тухай ойлголт юм” хэмээн Гаагийн олон улсын хуульч Н.Орчлон нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Монгол Улс ардчиллын замыг сонгоод даруй 30 жил гаруй жилийн нүүр үзэж буй. Хүний эрхийг дээдлэх нь ардчиллын үнэт зарчмын нэг. Маргааш бид ардчилсан зарчмынхаа дагуу УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиа өгнө. Намуудын ширүүн өрсөлдөөнөөс ямар нам цойлох,  нэр дэвшигчдээс хэн нь илүүрхэхийг хэн ч таашгүй. Магадгүй зарим хүмүүсийн төсөөлөөгүй үр дүн гарахыг ч үгүйсгэхгүй.  Тиймээс хуульч Н.Орчлонгийн хэлснээр бусдынхаа сонголтыг хүндэтгээрэй гэж юуны түрүүнд уриалъя.

Энэ удаагийн УИХ-ын сонгууль ихээхэн онцлогтой. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийнхээ тоог нэмсэн. Улмаар сонгуулиа холимог системээр явуулахаар шийдвэрлэсэн нь ардчиллын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй буюу 1400 орчим нэр дэвшигч өрсөлдөж буй сонгууль болж байна.

Гэвч сайны хажуугаар саар гэдэг. Олон нэр дэвшигч өрсөлдөж байгаа нь олзуурхууштай ч тэр хэрээр гомдогсод нэмэгддэг. Улс төрийн нам, байгууллага, нэр дэвшигчдийн байр суурь ч энэ хэрээр ихсэх нь гарцаагүй. Цаашлаад эрх мэдлийг ямар ч хамаагүй аргаар авах санаархал өвөртлөгчид хууль бус уриалга, хатгалга хийхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс сонгогч та авч байгаа мэдээлэлдээ хэрсүү хандаж, сайтар нягтлаарай. Учир нь сүүлийн өдрүүдэд зарим нэг улс төрийн нам, нэр дэвшигчид өөрт таалагдахгүй үр дүн гарвал жагсаал, цуглаан хийх талаараа мэдэгдсээр байна.

Түүнчлэн зарим иргэд сонгуулийн санал хураалтын үр дүнд эргэлзээтэй ханддаг. Энэ талаар СЕХ-ноос өгсөн мэдээллийг товчлон хүргэе.

Сонгуулийн саналын хуудсыг 100 хувь гар тоолно

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт гар тооллого явуулах юм байна. Өөрөөр хэлбэл санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг гар тооллогоор баталгаажуулах аж.

Саналын хуудсыг гараар тоолох ажиллагааг санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоо, саналын хуудасны зарцуулалтын тооцоог ажиглагч, оролцогчдод мэдээлсний дараа нэн даруй эхлүүлж, завсаргүйгээр явуулна. Ингэхдээ саналын хайрцгаас саналын хуудсыг нэг нэгээр нь гаргаж, саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг ажиглагчдад ил тод харуулж, нэр дэвшигч, нам эвсэл бүрийн авсан санал бүрийг уншиж танилцуулах юм байна.  Өмнөх сонгуулиудаар сонгогдсон хэсэгт хяналтын тооллого явуулахад санал тоолох төхөөрөмж, гар тооллогын дүн зөрсөн удаагүй. Саналын хуудсыг гараар тоолох үйл ажиллагаа ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчдын төлөөлөлд нээлттэй гэж СЕХ-ноос мэдээлж байна.

 

УИХ-ын сонгуулийг дэлхийн 40 улсын 259 ажиглагч ажиглана

 Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч бүртгүүлжээ.

Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудынх аж. Тодруулбал ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит  сонгуулийн  үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиглахаар хороо байгуулан ажиллаж байна. Тэд нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим,  үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тайлан бэлтгэж, дүгнэлт, зөвлөмж өгөх юм байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн гадаадын болон олон улсын хэвлэл мэдээллийн 12 (Kyodo News, CCTV, Bloomberg TV, Thomson Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency, Буриад ТВ, Nikkei, the Guardian, Agence-France-Presse) байгууллагын 27 сэтгүүлч, сурвалжлагч сурвалжилж, олон улсад мэдээлэхээр Гадаад харилцааны яаманд бүртгүүлж, үнэмлэх авчээ.