Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд шинэчлэн найруулж баталсан. Хуулийн хэрэгжилтийг 2025 оны 1-р сарын 1-нээс эхэлж хэрэгжихээр тусгасан билээ. Тэгвэл өнгөрөгч баасан гарагийн үдээс хойш Засгийн газраас  Улс төрийн намын тухай хууль, /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барьсан. Уг төслөөр хуулийн хэрэгжилтийг 2027 оны 8-р сард дагаж мөрдөхөөр тусгаад буй. Тэгвэл АН-ын бүлэг өнөөдөр энэ санаачилгыг дэмжихгүй хэмээн мэдэгдлээ. Бүлгийн хуралд 31 гишүүн оролцсоноос 18 гишүүн улстөрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг эсэргүүцсэн байна. Бүлгийн дарга О.Цогтгэрэлийн зүгээс бид улс орны болж бүтэхгүй байгаа болгоныг улстөрийн намын тухай хуулинд байна гэж үзсэн. Өөрчилж шинэчлээд 2025 оноос хэрэгжүүлэхээр болсон атал дураараа гар хүрч,засч янзлаад байж болохгүй хэмээн мэдэгдэв. Иймд хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шаардлагагүй гэж АН-ын бүлэг үзжээ.

Дашрамд дурьдахад: Хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д "Нийт сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно" гэж заасан. Үүний дагуу өнөөгийн парламентад гарсан улстөрийн намууд төсвөөс 7,4 тэрбумын санхүүжилт авахаар байна.