Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааны асуудлаар холбогдох хүмүүсийг дуудаж хэд хэдэн үүрэг чиглэл өгч асуулга тавьсан. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдээлэл өглөө. Ерөнхийлөгчийн зүгээс дараах дөрвөн асуулгыг тавьсан байна.

1-рт: Анх 2019 онд  шахмал түлш хэрэглэж эхлэх явцад утааны түвшин 40-50 хувиар буурч байсан. Одоо яагаад тэр байдлаасаа буцаад ухарчихав аа..?

2-рт: Хяналт шалгалтын ажил маш их суларсан байна. Шахмал түлшний хатаалтын байдал барьцалдуулагч муудсан байна. Энэ нь ганц байгууллагын ажил биш. Төрийн байгууллагууд хоорондын  уялдаа холбоогоо сайжруулж хамтарч ажиллах үүргийг өгсөн гэв.

3-рт: “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо” гэж байсныг татан буулгасан. Үүнийг яагаад буулгав?

4-рт: Мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт шалгалт тавьж ажилладаг байсан бол одоо уг байгууллагыг татан буулгаснаар хяналт тавих байгууллага үгүй болж буй нөхцөл байдлыг эргэж харах зэрэг хэд хэдэн чиглэлийг өгсөн гэв.

Дашрамд дурьдахад уг хуралд УИХ-ын дарга намуудын бүлгийн дарга нар оролцсон бол Ерөнхий сайд хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадаагүй гэлээ.