Өнөөдөр үдээс хойш 14:00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэн үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ хүрээнд УИХ-ын болон Засгийн газрын гишүүд харилцан хүндэтгэлтэй, ёс зүйтэй харьцаж ажиллах нь нэн чухал. Төрийн ажлыг саатуулж, тасалдуулах нь байж болохгүй зүйл бөгөөд парламентын үйл ажиллагаа мэтгэлцээн, маргаантай байж болох ч харилцан ойлголцол, хүндэтгэлийн үндсэн дээр явагдах ёстой гэдгийг онцолж байна.
Сүүлийн үед гишүүдээс чуулганы болон байнгын хорооны хуралдааны үеэр гарч буй асуудлуудтай холбоотой гомдол, санал гарсаар байгаа. Асуултад хариулж буй албан тушаалтнуудын хариулт ойлгомжгүй, тойруулсан, буруу ташаа, эсвэл үл тоомсорлосон байдалтай өгөгдөж байна. Зарим тохиолдолд гишүүдэд ихэрхүү өнгө аясаар хандаж байна гэсэн санал гомдол ирж байна.
УИХ бол ард түмнээс сонгогдсон, ард түмнийг төлөөлдөг институц. Тиймээс бүх асуудалд туйлын хариуцлагатай, бодитой, үндэслэлтэй хандах ёстой. Аль ч асуудалд хэт субъектив байдлаар хандаж, чуулганы үйл ажиллагаанд саад учруулдаг байж болохгүй.
Мөн УИХ-ын гишүүд хуулиар олгогдсон эрх, үүргээ ухамсарлаж, чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй гэсэн зохицуулалтыг ашиглан бие биеийнхээ нэр төрд халдах байдлыг таслан зогсоох ёстой.
Нөгөө талаас гишүүд улс төрийн орчинд үүсдэг олон сорилт, дарамт, шүүмжлэлд хэт эмзэг хандах хэрэггүй. Улс төрийн үйл ажиллагаа олон хэлбэрээр өрнөдөг бөгөөд улс төрч хүн аливаа дарамт, гүтгэлэг, шүүмжлэлийг даван туулах чадвартай байх нь зайлшгүй шаардлага юм.
Эцэст нь хэлэхэд, төрийн ажил саадгүй, тууштай, хариуцлагатай урагшлахын тулд бүх түвшний төлөөлөгчид харилцан хүндэтгэл, ёс зүй, тэвчээртэй байдлыг эрхэмлэн ажиллах шаардлагатай байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!