Шуудхан хэлэхэд Ерөнхий сайдыг огцруулах хууль зүйн ямар ч үндэслэл алга. Иш мухаргүй мэт маргаан дэгдэж, эцэст нь АН-ынхны л амьсгаа дээрдсээр байгаа хамтарсан Засгийн газрын тэргүүний огцрох ёстой гэсэн шалтгааныг эргээд нэг шагайгаад үзье.

Бэрийн цүнхнээс үүдэлтэй огцролтын сенсацны гол шаардлага нь орлогоо нотлох???

Улстөрийн албан тушаалтнуудын хувьд үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн Л.Оюун-Эрдэний өөрийнх нь гаргасан олон нийтэд ихээ таалагдсан санаачлага бий. Шийтгэл нь үндэслэлгүй хөрөнгийг нь хураах ч билүү. Өөрөөр бол цалингаасаа давсан үнэтэй бэлэг авсан тохиолдолд улсын орлого болгож буцааж өгөх гэсэн албан ёсны нэг санкц л бий  санагдана.

Л.Оюун-Эрдэнэ ч гэж Оюун-Эрдэнэ... Эртхэн тэр хүү бэр, худ ургийнхаа орлого юмыг нотлоод тайлагначихгүй, талбай дээр гараад бархирсан ч ер нь яадаг юм бэ?

Ерөнхий сайд өрөөлд тустай ч өөртөө гай тарьсан бас нэг “тэнэг” юм сэдсэн нь үндэслэлгүй хөрөнгөжигсдийг илчлэх. Наанаа ч цаанаа ч хүний, ч өөрийн ч бөөн олигархиудын дунд сууж байж.  

Тохой залгаад сууж байгаа сайд нарынх нь гарт ч Оюукийн баалуулаад байдаг үнэтэй цаг гялалзаад сууж байхад.

Тохой битгий хэл залгалдсан олигархиудын сүрэг араа шүдээ хурцлаад сууж байхад...

Яг үнэндээ тэдний хувьд ганц Ерөнхий сайдыг огцруулах алга урвуулахын дайтай амархан. Энэ эрсдлийг мэдсэн хэрнээ олны тусын төлөө зүтгэснийг нь бахдахгүй байхын аргагүй.

Дээрээс нь мань эр Баялгийн сан гэж цулгар, цулгар орд газруудын хувийг төрд авч, иргэдэд хишиг болгоно хэмээн мэдэгдэж, иргэдээс чангаас чанга алга ташилт хүлээгээд авчихсан байдаг. Л.Оюун-Эрдэнийн энэ иргэдээ бодсон шийдвэр орд газартай олигархиудын хувьд игзаар байтугайг нь хөдөлгөсөн нь ойлгомжтой.Тийм ч учраас мань эр өнөөдөр огцрох дээрээ тулчихсан сууж байна.

 Ийм л нэг гэнэн тэнэг, цаагуураа бол чөтгөрийн тойрог өнөөдрийн Ерөнхий сайдыг огцруулах эсэх дэнчинг УИХ-д тавилаа. Намынх нь нөхөд нь бол аюул холуур гэж юу, юугүй л огцрох өргөдлийг нь хадгаар мялаах шахаж буй.

Харин УИХ-ын хувьд бол одоо  олон нийтийн эрх ашгаа бодож байгаа гэх том дүр хэрэгтэй. Том тойргийг долоох шахаж байж арай чүү сонгогдсон гишүүд бүгд олигархи болж харагдахыг хүсэхгүй нь тодорхой. Олон нийтийн эсрэг арай ч бүгд кноп дарчихгүй нь хэтэрхий ойлгомжтой асуудал.

Одоо яригдаж байгаа томьёоллоор энэ Засгийн газарт итгэл үзүүлэх үү, үгүй юу гэсэн санал хураалт явагдана. “Итгэхгүй байна” гэчихвэл гишүүд Баялгийн санг дэмжихгүй, олигархиудыг дэмжиж байгаа болчихно. Тэгэхээр том тойргоос сонгогдсон гишүүд ирэх сонгуулиа бодоод “итгэж байна” гэсэн кноп дарж таарна. Энэ л Л.Оюун-Эрдэнийн огцрохгүй шалтгаан.