Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг анх удаа хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр:
"Өнөөдөр хэлэлцэж буй асуудал Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйн тансаг хэрэглээтэй холбоотойгоор анх үүссэн. Гурван долоо хоногийн хугацаанд Ерөнхий сайд орлогоо тайлбарлахын оронд асуудал нь огцрох хэмжээнд хүрч өрнөлөө" хэмээн онцлов.
Мөн тэрбээр санал хураалттай холбоотойгоор дарамт шахалт, шантаажийн шинжтэй мессэжүүд ирж байгааг дурдсан бөгөөд:
"Ард түмэнд бодитой, эрүүл тунгаах орон зай, цаг хугацааг өгөөч ээ. Ерөнхий сайд улс төрчийн манлайллыг харуулах цаг" гэж мэдэгдэв.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн асуудлаар дараах тайлбарыг өгсөн. Тэрээр:
"5-р сарын 14-нд Гашуунсухайт–Ганцмодын төмөр замын хил холболтын ажил эхэлсэн өдөр энэ мэдээлэл цацагдсан. Би тэр өдөр өөрөө АТГ-т шалгуулахаар хандсан. Хүү маань 23 настай. Тэр охинд хайртай болсон, бие давхар болсноо хэлсэн. Бөгж, бугуйвч бэлэглэсэн нь үнэн. Бөгж нь 17 сая, бугуйвч нь 500 мянга. Харин машин өгсөн гэх мэдээлэл бол худал" хэмээжээ.
Мөн тэрбээр:
“Энэ асуудал хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж, хуулийн хүрээнд шийдэгдэнэ. Орлогоо нотолж чадахгүй бол Сингапурын жишгээр улсын орлого болгоно” хэмээн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!