Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг анх удаа хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайдад хандан:

“Би итгэл үзүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Хэрвээ итгэл үзүүлэх шийдвэр гарвал та Ерөнхий сайдынхаа үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх үү? Олон нийт таныг хүлээн зөвшөөрөхгүй болсон байдал ажиглагдаж байна” хэмээн асуулт тавьсан.

Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

“Огцрох амархан. Албан тушаалтай зууралдаад байх шалтгаан надад байхгүй. Гэхдээ огцорсны дараах улс төр, эдийн засгийн үр дагаврыг бид тооцох хэрэгтэй. Парламент, Засгийн газрынхаа асуудлыг дотроо шийддэг байх зарчмыг төлөвшүүлэхийн тулд энэ асуудлыг оруулж ирсэн юм” гэж мэдэгдлээ.

Тэрээр мөн: “Оюу Толгойн арбитрын асуудал, Гашуунсухайт–Ганцмодын төмөр замын хил холболт зэрэг томоохон ажлууд хүлээгдэж байна. Эдгээрийг хийхэд амар байсан бол аль хэдийн хийгдэх байлаа. Гэхдээ Монголын нийгэм өнөөдөр тогтвортой байдлыг хүсэж байна” хэмээн онцолсон юм.